16 дугаар зүйл. Статистикийн улсын байцаагч, түүний бүрэн эрх
1.Мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлагыг харгалзан статистикийн байгууллагын ажилтанг статистикийн улсын байцаагчаар Үндэсний статистикийн хорооны дарга томилж, чөлөөлнө.
/Энэ хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хууль, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2. Албан ёсны статистикийн үйл ажиллагаа эрхэлдэг яам, төрийн бусад албан газрын холбогдох ажилтанд Үндэсний статистикийн хорооны даргын шийдвэрээр статистикийн улсын байцаагчийн эрх олгож болно.
/Энэ хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хууль, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.Статистикийн улсын байцаагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
1/статистикийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянаж шалгах;
2/статистикийн мэдээллийн хамралт, үнэн зөв, шуурхай байдлыг шалгах;
3/хуульд өөрөөр заагаагүй бол албан ёсны статистикийн үйл ажиллагаа эрхэлдэг статистикийн байгууллагаас батлаагүй буюу зөвшөөрөөгүй статистикийн мэдээлэл, судалгааг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс албадан гаргуулах, давхардуулан авах, өгөх ажиллагааг зогсоох;
4/албан ёсны статистикийн мэдээлэл, судалгаанд шаардлагатай баримт бичиг үйлдэх, анхдагч бүртгэл хөтлөх, мэдээлэл, судалгааг үнэн зөв гаргаж мэдээлэх талаар зөвлөмж өгөх;
5/хяналт, шалгалтын ажилд зайлшгүй шаардагдах баримт сэлт, тайлбар, лавлагааг холбогдох албан тушаалтнаар гаргуулан авах;
6/шалгалтын дүнг мэдээлэх, илэрсэн зөрчил, дутагдлын талаар холбогдох албан тушаалтанд шаардлага тавьж арилгуулах;
7/статистикийн тухай хууль тогтоомж зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах;
/Энэ заалтад 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
8/өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, байгууллагаас өгсөн мэдээ, тайлан нь дутуу, алдаатай бол холбогдох этгээдээс тайлбар гаргуулан авах, анхан шатны бүртгэлтэй тулгаж, магадлах.
/Энэ заалтыг 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/
4.Статистикийн улсын байцаагчаас хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд өгсөн үүрэг, тавьсан шаардлагыг холбогдох албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага, иргэн заавал биелүүлэх үүрэгтэй.
5. Статистикийн улсын байцаагч нь түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтнаас олгосон албаны болон хувийн дугаар бүхий үнэмлэх, тэмдэг, түүнчлэн шаардах хуудас, акт хэрэглэнэ.
/Энэ заалтыг 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.Статистикийн улсын байцаагч нь Төрийн албаны тухай хуульд зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана:
1/статистикийн мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг хангахтай холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлж явахдаа хот, суурингийн доторхи нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр зорчсон тохиолдолд хувиас гарсан зардлыг тогтоосон журмын дагуу тухайн байгууллага нь нөхөн олгох;
2/бүрэн эрхээ хэрэгжүүлж яваад хөдөлмөрийн чадвараа түр алдсан бол хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж, албан тушаалын цалингийн зөрүүг хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацааны туршид, хөдөлмөрийн чадвараа алдсан бол хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр, албан тушаалын цалингийн зөрүүг хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авч байгаа хугацааны туршид тус тус авах. /Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Дээрх 6 дахь хэсгийг 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/
ТӨРИЙН ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН СТАТИСТИКИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААРХИ БҮРЭН ЭРХ