17 дугаар зүйл. Хоригдсон этгээдийн эрх
17.1.Хоригдсон этгээд дараахь эрх эдэлнэ:
17.1.1.өөрийн эрх, үүрэг, хорих байрны дотоод журам, өргөдөл, гомдол, хүсэлт гаргах эрхийн талаар мэдээлэл, тайлбар авах;
17.1.2.өөрийн хувийн аюулгүй байдлыг хангуулах;
17.1.3.хорих байрны дарга болон хорих байрны үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий албан тушаалтантай хорих байранд ажиллах үеэр нь хувиараа уулзах;
17.1.4.өмгөөлөгчтэй уулзах, хууль зүйн туслалцаа авах;
17.1.5.энэ хуулийн 19-д заасан хүмүүстэй уулзах;
17.1.6.улсын нууцтай холбоотой болон гэмт үйлдэлд холбогдолтой урвуулан ашиглаж болзошгүйгээс бусад, өөрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах баримт бичиг, бичлэгийг биедээ хадгалах;
17.1.7.ном, сонин, сэтгүүл, ариун цэврийн хэрэгсэл өрөөндөө байлгах;
17.1.8.энэ хуулиар тогтоосон хэмжээний илчлэгтэй хоол, түүнчлэн унтах байр, дэвсгэр, хучлагаар хангагдах;
17.1.9.шөнийн цагт 8 цагаас багагүй хугацаагаар унтаж амрах;
17.1.10.эмнэлгийн тусламжийг Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан журмын дагуу авах;
17.1.11.хорих байрны дотоод журамд заасны дагуу захидал, цахилгаанаар харилцах, бичгийн хэрэгсэл ашиглах;
17.1.12.хорих байрны дотоод журам зөрчихгүйгээр шашны зан үйл үйлдэх;
17.1.13.хорих байрны дотоод журамд заасан хугацаагаар салхинд гарах;
17.1.14.боловсрол, мэдлэгээ дээшлүүлэх, шаардлагатай сурах бичиг, ном ашиглах;
17.1.15.эргэлт авах;
17.1.16.иргэний эрх зүйн хэлцэлд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан оролцох;
17.1.17.өөрт холбогдох асуудлаар болон хорих байрны нөхцөл, журам, үйл ажиллагааны талаар аль ч байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол, хүсэлт гаргах.