34 дугаар зүйл. Сахилгын шийтгэл ногдуулах, эдлүүлэх, чөлөөлөх

СЭЖИГТЭН, ЯЛЛАГДАГЧИЙГ БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

34 дугаар зүйл. Сахилгын шийтгэл ногдуулах, эдлүүлэх, чөлөөлөх

34.1. Дараахь зөрчил гаргасан сэжигтэн, яллагдагчийг сахилгын өрөөнд 15 хоног хүртэл, өсвөр насны хүн бол 7 хоног хүртэл хугацаагаар хорино:

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

34.1.1.хорих байрны ажилтны хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй;

34.1.2.хорих байрны ажилтныг доромжилсон, түүн рүү дайрч довтолсон;

34.1.3.хоригдсон бусад этгээдийг дарамталсан, доромжилсон;

34.1.4.согтууруулах болон мансууруулах ундааны зүйлийг бэлтгэсэн, хадгалсан, хэрэглэсэн;

34.1.5.хориглосон хүнсний болон бусад эд зүйлийг бэлтгэсэн, хадгалсан, хэрэглэсэн;

34.1.6.мөрийтэй тоглосон;

34.1.7.жижгээр танхайрсан.

34.2.Энэ хуулийн 34.1-д заасан зөрчил гаргасан этгээдийг хорих байрны даргын тогтоолыг үндэслэн сахилгын өрөөнд хорино.

34.3.Хоригдсон этгээдийн гаргасан нэг зөрчилд нэгээс илүү сахилгын шийтгэл ногдуулж болохгүй.

34.4.Сахилгын шийтгэлийг зөрчил илрүүлсэн өдрөөс, хэрэв зөрчлийн талаар шалгаж тогтоох шаардлагатай бол шалгалтыг дууссан өдрөөс гурав хоногийн дотор, гэхдээ зөрчил гарснаас хойш нэг сарын дотор ногдуулна.

34.5.Сахилгын шийтгэл ногдуулахад зөрчил гаргасан этгээдээс бичгээр тайлбар гаргуулах бөгөөд тайлбар өгөхөөс татгалзсан тохиолдолд энэ талаар тэмдэглэл үйлдэнэ.

34.6.Хоригдсон этгээд сахилгын шийтгэлийн талаар эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүхэд гомдол гаргах эрхтэй. Ийнхүү гомдол гаргасан тохиолдолд тухайн шийдвэрийн хэрэгжилтийг гурав хүртэл хоног түдгэлзүүлж болно.

34.7.Сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг даруй хэрэгжүүлэх бөгөөд тухайн нөхцөл байдалд тийм бололцоогүй бол шийтгэл ногдуулсан өдрөөс хойш арав хоногийн дотор хэрэгжүүлнэ.

34.8.Хорих байрны дарга нь эмчийн магадлагаа болон бусад үндэслэлээр сахилгын өрөөнд хорих шийтгэлийг биелүүлэхийг хойшлуулах, эсхүл сахилгын өрөөнд хоригдож байгаа этгээдийг хугацаанаас нь өмнө суллах, хугацааг нь багасгаж болно. Хэрэв ийнхүү хойшлуулсан хугацаанд хоригдсон этгээд нь дахин зөрчил гаргаагүй бол шийтгэлийг нөхөж эдлүүлэхгүй.

34.9.Зөрчил гаргасан этгээдийг сахилгын өрөөнд ганцаарчлан хорино. Сахилгын өрөөнд шөнийн цагаар хучлага, дэвсгэр тавьж олгоно. Сахилгын өрөөнд хоригдсон этгээдэд сахилгын шийтгэлийг эдэлж дуустал захидал, цахилгаанаар харилцах, мөрдөгч, прокурор, шүүгч, өмгөөлөгчөөс бусад хүмүүстэй уулзах, хүнсний болон нэн хэрэгцээтэй зүйлийг худалдан авах, эргэлт авах, ном, сонин, сэтгүүл унших эрхийг нь хязгаарлана. Сахилгын өрөөнд хоригдож байхад нь ирүүлсэн эргэлтийг сахилгын өрөөнөөс суллагдсаны дараа олгоно. Сахилгын өрөөнд хоригдож байгаа этгээдийг өдөрт 15 минут, өсвөр насны хүнийг өдөрт 30 минут салхинд гаргана.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

34.10.Сахилгын өрөөнд хоригдсон этгээдийн эрхийг энэ хуульд зааснаас өөрөөр хязгаарлахыг хориглоно. Сахилгын өрөөнд хоригдсон этгээдээс гаргасан өргөдөл, санал, гомдлыг энэ хуулийн 22-т заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.