11 дугаар зүйл. Тагнуулын ерөнхий газрын үүрэг
11.1.Тагнуулын ерөнхий газар дараахь үүрэг гүйцэтгэнэ:
11.1.1.Монгол Улсын ашиг сонирхлыг хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн асуудлаар тагнуулын мэдээ олох, цуглуулах, задлан шинжилгээ хийж, дүгнэлт гарган Монгол Улсын Ерөнхий сайд болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бусад гишүүд, энэ хуульд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх, төрийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх;
/Энэ заалтад 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
11.1.2.гадаад улсын тусгай алба, байгууллага, иргэн, тэдгээрийн төлөөний этгээдийн тагнах болон бусад үйл ажиллагааг илрүүлэх, таслан зогсоох;
/Энэ заалтад 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
11.1.3.улсын эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж болзошгүй ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, түүнийг илрүүлэх, таслан зогсоох;
11.1.4.Тагнуулын ерөнхий газарт хуулиар харьяалуулсан гэмт хэргийг илрүүлэх, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах болон уул гэмт хэрэг үйлдсэн буюу сэжиглэгдэж буй этгээдийг эрэн сурвалжлах;
11.1.5.Монгол Улсын хил, Зэвсэгт хүчин, бусад цэргийн аюулгүй байдлыг эрх хэмжээнийхээ хүрээнд гүйцэтгэх ажлын шугамаар хамгаалах;
11.1.6.төрийн болон онц чухал мэдээллийн сүлжээ, харилцаа холбооны аюулгүй байдлыг хангах, цахим аюул, заналтай тэмцэх;
/Энэ заалтад 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
11.1.7.хилийн чанадад байгаа Монгол Улсын байгууллага, аж ахуйн нэгж, иргэнийг гадаадын тусгай албаны ажиллагаанд өртөхөөс сэргийлэх;
11.1.8.улсын эдийн засагт онцгой ач холбогдол бүхий объектод ноцтой осол сүйрэл гарахаас сэргийлэх, хүн, мал ургамлын гоц халдварт өвчин болон томоохон осол, сүйрлийн шалтгааныг тогтоох ажлыг холбогдох эрх бүхий байгууллагатай хамтран хийх;
11.1.9.гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагын үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа үзүүлж, хамтран ажиллах;
11.1.10.үндэсний аюулгүй байдлыг тагнуулын аргаар хангах бодлого боловсруулж, хэрэгжүүлэх;
/Энэ заалтыг 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
11.1.11.төрийн болон албаны нууцыг хадгалах, хамгаалах, ашиглах үйл ажиллагааг улсын хэмжээнд зохицуулах, хяналт тавих, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах;
/Энэ заалтыг 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
/2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
11.1.12.хуульд заасан арга хэрэгслээр гүйцэтгэх ажлын хууль тогтоомжийг сахиулах;
/Энэ заалтыг 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
11.1.13.Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 9.1.2-9.1.6-д заасан байгууллагаас ирүүлсэн харилцаа холбооны сүлжээнд хяналт тавих, хуулийн дагуу тавьсан хүсэлтийг гүйцэтгэх техникийн нөхцөлийг бүрдүүлэх;
/Энэ заалтыг 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
11.1.14.олон улсын болон бүс нутгийн цэрэг, улс төрийн байдал, үүсч болзошгүй цэргийн аюул заналыг судалж, учирч болох аюулаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, үүнтэй холбогдох мэдээллээр төрийн болон зэвсэгт хүчний дээд удирдлагыг хангах; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
/Энэ заалтыг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./
11.1.15.хил хамгаалах байгууллагын дээд удирдлагыг хил орчмын нөхцөл байдлын талаарх тагнуулын мэдээгээр хангах;
/Энэ заалтыг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./
11.1.16.төрийн шифр харилцаа, криптологийн үйл ажиллагааг улсын хэмжээнд зохицуулах, түүнд хяналт тавих, Монгол Улсын нутаг дэвсгэрт болон хилийн чанадад төрийн шифр харилцааг эрхлэн явуулах;
/Энэ заалтыг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./
11.1.17.хуульд заасан бусад үүрэг.
/Энэ заалтын дугаарыг 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчилсөн/
/Энэ заалтын дугаарт 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./