12 дугаар зүйл. Тагнуулын ерөнхий газрын эрх
12.1.Тагнуулын ерөнхий газар дараахь эрх эдэлнэ:
12.1.1.хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд нууцаар ажиглах, үзлэг хийх, шуудан харилцаа хянах, харилцаа холбооны болон мэдээллийн бусад сүлжээнд нэвтрэх, гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл, полиграф болон бусад арга хэрэгсэл ашиглах;
/Энэ заалтад 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
12.1.2.хуульд заасан үүргээ биелүүлэхэд шаардлагатай мэдээ, баримт сэлтийг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэнээс гаргуулан авах;
12.1.3.гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл олж авах, улсын хилээр нэвтрүүлэх, ашиглах зөвшөөрөл олгох. Хуулиар эрх олгоогүй байгууллага, албан тушаалтан, иргэний хувийн зорилгоор хэрэглэсэн гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгслийг тэмдэглэл үйлдэн хураан авч, улсын орлого болгох, шилжүүлэх, устгах;
/Энэ заалтад 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
12.1.4.хуульд заасан үндэслэл, журмын дагуу байгууллага, аж ахуйн нэгж, иргэний орон байранд нэвтрэх, албан тушаалтан, иргэдээс тайлбар авах, биеийн байцаалтыг нь шалгах, бие, эд зүйл, тээврийн хэрэгсэлд нь үзлэг хийх, Тагнуулын ерөнхий газарт хуулиар харьяалуулсан гэмт хэрэг, зөрчилд холбогдох бүхий баримт сэлт, эд зүйлийг уул асуудлыг шийдэгдэх хүртэл түр хураах;
12.1.5.Тагнуулын ерөнхий газарт хуулиар харьяалуулсан гэмт хэргийн сэжиг бүхий этгээдийг түр албадан саатуулах, шалгах;
12.1.6.халхавчийн байгууллага, аж ахуйн нэгж байгуулан ажиллуулах;
12.1.7.тагнуулын байгууллагын объект, эсхүл тодорхой үйл ажиллагааг нууцлахын тулд өөр байгууллагын хаяг, баримт бичиг, албаны дүрэмт хувцас болон бусад зүйлийг халхавч болгон ашиглах;
12.1.8.судалгаа, шинжилгээ хийх, энэ ажилд мэргэжлийн байгууллага, хүний туслалцаа авах, татан оролцуулах;
12.1.9.хүн ам, экологийн аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй тэсэрч дэлбэрэх, цацраг идэвхт, хүчтэй хордуулах, мансууруулах бодис болон галт зэвсгийг улсын хилээр нэвтрүүлэх, хадгалж хамгаалах, ашиглах тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих;
12.1.10.байгууллага, ажилтныхаа аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах;
12.1.11.эрх тэгш байх, харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох зарчмын үндсэн дээр гадаад улсын тусгай алба, байгууллагатай хамтран ажиллах;
12.1.12.өмчийн хэлбэрээр ялгаварлахгүйгээр байгууллага, аж ахуйн нэгжийн аюулгүй байдлаа хангах, бизнесийн нууцаа хамгаалахад нь мэргэжлийн туслалцаа үзүүлэх;
/Энэ заалтад 2000 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
12.1.13.тагнуулын байгууллагын чиг үүрэгт холбогдох асуудлаар мэдээ, мэдээлэл худалдан авах;
12.1.14.үндэсний аюулгүй байдлыг хангах талаархи хууль тогтоомжийн холбогдох заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдох зааврыг эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд нийцүүлэн батлах;
12.1.15.хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх явцад илэрсэн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг арилгуулах, тэдгээрийг гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжид заавал биелүүлэх шаардлага, иргэнд сэрэмжлүүлэг өгөх;
12.1.16.терроризмтой тэмцэхэд чиглэсэн төрийн болон нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
/Энэ заалтыг 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
12.1.17.Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд харш үйлдэл хийсэн гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах тухай саналаа эрх бүхий байгууллагад гаргах;
/Энэ заалтыг 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
12.1.18.хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
/Энэ заалтыг 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
12.1.19.Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудал, гарах шийдвэр нь үндэсний аюулгүй байдлыг хөндөж байгаа бол тухайн асуудлаар санал, дүгнэлт өгөх;
/Энэ заалтыг 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
12.1.20.Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах эрх ашгийн үүднээс гаргасан санал, дүгнэлттэй холбогдуулан тайлбар, нотлох баримт гаргаж өгөхгүй байх;
/Энэ заалтыг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./
12.1.21.хуульд заасан бусад эрх.
/Энэ заалтын дугаарыг 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчилсөн./
/Энэ заалтын дугаарт 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./