5 дугаар зүйл. Тамхины хяналтын талаар төр, иргэн, хуулийн этгээдийн хүлээх нийтлэг үүрэг

ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Тамхины хяналтын талаар төр, иргэн, хуулийн этгээдийн хүлээх нийтлэг үүрэг

5.1.Тамхины хяналтын талаар төрийн байгууллага дараахь үүрэг хүлээнэ:

5.1.1.эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тамхины хяналтын талаар төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, төрийн бус байгууллагын санаачлага, оролцоог дэмжих, нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах;

5.1.2.төрийн бүх шатны болон нутгийн өөрөө удирдах байгууллага нь бүрэн эрхийнхээ дагуу хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах бодлогын хүрээнд дангаар буюу холбогдох бусад байгууллагатай хамтран ажиллах.

5.1.3.нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, олон нийтийн боловсрол олгох чиглэлээр тамхи үйлдвэрлэгч, эсхүл түүний ашиг сонирхлын төлөө ажиллаж байгаа хуулийн этгээд, иргэдтэй хамтран ажиллахаас татгалзах;

/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

5.1.4.тамхины хяналтын тухай хууль тогтоомж боловсруулах явцад ашиг сонирхлын зөрчил байгаа гэж үзсэн тохиолдолд тамхи үйлдвэрлэгчээс тавьсан саналыг хүлээн авахаас татгалзах;

/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

5.1.5.тамхины хяналтын талаар төрөөс баримтлах бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцож байгаа төрийн албан хаагч, бусад ажилтны ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж, хамтран ажиллахаас татгалзах;

/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

5.1.6.утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгт утаат тамхи татахыг зөвшөөрсөн анхааруулах тэмдэг байрлуулах;

/Энэ заалтыг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

5.1.7.энэ хуулийн 9.1.1-9.1.4, 9.1.7, 9.1.8-д заасан хориглосон газраас бусад гадаад орчин дахь нийтийн эдэлбэр газарт байгуулах утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийн байршил, төсвийг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэх.

/Энэ заалтыг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

5.2.Тамхины хяналтын талаар иргэн, хуулийн этгээд дараахь үүрэг хүлээнэ:

5.2.1.тамхины хяналтын арга хэмжээг хэрэгжүүлэх, иргэнийг тамхинаас гарахад бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэх, дам тамхидалтаас сэргийлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулах;

/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5.2.2.тамхины хэрэглээ, дам тамхидалтын улмаас хүний эрүүл мэнд, амь насанд учрах эрсдэл, хор нөлөөний талаар шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллээр иргэдийг хангах;

/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5.2.3.тамхи үйлдвэрлэгчээс төрөл бүрийн хандив, тусламж, тэтгэлэг хүлээж авахаас татгалзах.

/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

5.2.4.утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгт утаат тамхи татахыг зөвшөөрсөн анхааруулах тэмдэг байрлуулах;

/Энэ заалтыг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

5.2.5.энэ хуулийн 9.1.5, 9.1.6-д заасан газарт утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг 300м2-аас доошгүй талбай бүхий барилга байгууламжид нэгээс илүүгүй байхаар тухайн аж ахуйн нэгж, байгууллага байгуулах.

/Энэ заалтыг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

5.3.Тамхины хяналтын талаар тамхи үйлдвэрлэгч хуулийн этгээд дараах үүрэг хүлээнэ:

5.3.1.тамхи үйлдвэрлэгч болон түүний 20-оос дээш хувийн хувьцаа эзэмшигчийн нэр, хаяг, эрхэлж байгаа үйл ажиллагаа, тамхины үйлдвэрлэлтэй холбоотой бусад мэдээллийг өөрийн цахим хуудаст байрлуулан нийтэд ил тод байлгах;

5.3.2.эрх бүхий байгууллагаас баталсан тамхины хайрцаг, сав, баглаа боодолд тавигдах стандартыг батлагдсан өдрөөс нь хойш нэг жилийн дотор бүрэн хангасан байх.

/Энэ хэсгийг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

ТАМХИНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ, ХУДАЛДАА, ХЭРЭГЛЭЭ, СУРТАЛЧИЛГААНЫ ЗОХИЦУУЛАЛТ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.