6 дугаар зүйл. Тамхи импортлох, экспортлох, үйлдвэрлэх, худалдах, хэрэглэхэд тавих шаардлага

ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Тамхи импортлох, экспортлох, үйлдвэрлэх, худалдах, хэрэглэхэд тавих шаардлага

/Энэ зүйлийн гарчигт 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.1.Тамхи үйлдвэрлэх, импортлох, экспортлох, худалдах эрүүл ахуйн нөхцөл, тамхин дахь хорт бодисын агууламжийн талаархи эрүүл мэндийн дүгнэлтийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тамхины төрөл тус бүрээр олгоно. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.2.Улсын хилээр иргэдийн оруулж ирэх хувийн хэрэглээний тамхины тоо хэмжээг гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтооно.

6.3.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэх, худалдах, импортлох, экспортлох тамхинд агуулагдах бохь, никотин, бусад хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ, утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгт тавих стандартыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн Стандартчиллын Үндэсний зөвлөл батална.

/Энэ заалтад 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.4.Тамхи нь эрүүл мэндийн хор нөлөөний тухай анхааруулгатай байх бөгөөд анхааруулга нь дараахь шаардлагыг хангасан байна:

6.4.1.зурат анхааруулга нь янжуур тамхины хайрцагны нүүр болон ар талын талбайн хэсгийн, дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхины сав, баглаа боодлын нүүрэн талын гадаргууны талбайн 50-аас багагүй хувийг эзэлсэн байх;

/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

6.4.2.тамхин бүтээгдэхүүнээс хүний эрүүл мэндэд учруулах хор нөлөөний талаар том хэмжээтэй, тод харагдахуйц, гаргацтай бичих, зураг буюу дүрсээр харуулах.

6.5.Анхааруулгын болон анхааруулах тэмдгийн загварыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална. Нэг удаад зургаан төрлийн анхааруулгын загвар гаргах бөгөөд анхааруулгын загварыг гурван жилд нэг удаа солино.

/Энэ хэсэгт 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хууль, 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

6.6.Анхааруулга болон бусад шаардлагатай тэмдэглэл нь монгол хэл дээр бичигдсэн байна.

6.7.Монгол Улсын нутаг дэвсгэрт тамхи импортлох, экспортлох, үйлдвэрлэх, худалдах, хэрэглэхэд дараахь зүйлийг хориглоно:

/Энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.7.1.тамхины найрлагад агуулагдах бохь, никотин, бусад хорт бодисын хэмжээ болон дуусгавар болох хугацааг заагаагүй;

/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

6.7.2.янжуурыг нэг хайрцагт 20 ширхгээс цөөнөөр, дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхийг 200 граммаас багаар савлах;

/Энэ заалтад 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

6.7.3.энэ хуулийн 6.4-д заасан анхааруулгагүй буюу түүнд тавигдах шаардлагыг хангаагүй;

6.7.4.энэ хуулийн 6.1-д заасан эрүүл мэндийн дүгнэлт олгогдоогүй;

6.7.5."Монгол Улсад үйлдвэрлэв" гэсэн шошготойгоор бусад улсад үйлдвэрлэсэн;

6.7.6.тамхины хайрцаг, сав, баглаа боодол дээр тухайн тамхийг бусад тамхинаас илүү хор нөлөө багатай гэсэн утгатай үг бичих буюу түүнтэй адилтгах лого, өнгө, брэндын дүрс, тэдгээрийн хослол хэрэглэх;

/Энэ заалтад 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.7.7. 21 нас хүрээгүй хүнд тамхи худалдах, түүгээр тамхи худалдуулах;

/Энэ заалтад 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.7.8.тамхийг ширхэглэн худалдах, дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхины үйлдвэрлэсэн боодлыг задалж буюу ороож худалдах;

6.7.9.тамхи худалдах автомат машин ажиллуулах;

6.7.10.тамхины борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор аливаа хэлбэрийн урамшуулалт худалдаа зохион байгуулах, сугалаа гаргах;

6.7.11.хайрцаг, сав, баглаа боодол дээр онцгой албан татварын тэмдэг, үйлдвэрлэсэн улс, он, сар, үйлдвэр, импортлогчийн нэр, Монгол Улсад худалдахыг зөвшөөрсөн тухай тэмдэглэлгүй;

6.7.12.зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт тамхи худалдах.

6.7.13.интернэтээр тамхи худалдах;

/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

6.7.14.ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метрийн дотор тамхи худалдах;

/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

6.7.15.баар, цэнгээний газарт тамхи худалдах.

/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

6.8.Тамхи, тамхин бүтээгдэхүүний худалдаа эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээд дараах үүрэг хүлээнэ:

6.8.1.худалдан авагчийн насыг тодорхойлох зорилгоор иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтаа үзүүлэхийг шаардах;

6.8.2.энэ хуулийн 6.8.1-д заасан бичиг баримт үзүүлэхээс татгалзсан бол түүнд тамхи, тамхин бүтээгдэхүүн худалдахгүй байх.

/Энэ хэсгийг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

6.9.Тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээнд хяналт тавих журмыг Засгийн газар батална.

/Энэ хэсгийг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.