ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ
Эрүүл мэнд · 15 зүйл · хүчин төгөлдөр · legalinfo.mn ↗
1 дугаар зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь тамхины хэрэглээ, дам тамхидалтаас үүдэлтэй сөрөг үр дагавраас хүн амыг хамгаалах зорилго бүхий тамхины хяналтын эрх зүйн үндсийг тодорхойлж түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдон төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Тамхины хяналтын тухай хууль тогтоомж
2.1.Тамхины хяналтын тухай хууль тогтоомж нь энэ хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."тамхин бүтээгдэхүүн" гэж татах, үнэрлэх, зажлах зорилгоор тамхины навчийг бүхэлд нь буюу хэсэгчлэн түүхий эд болгон үйлдвэрлэсэн хэрэглээний бүтээгдэхүүнийг;
3.1.2."утаат тамхи" гэж үйлдвэрийн болон гар аргаар ороож бэлтгэсэн, татах зориулалттай янжуур, навчин тамхи, дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхийг;
3.1.3."дам тамхидалт" гэж өөрийн хүсэл зоригоос үл хамааран бусдын татсан тамхины утаагаар амьсгалахыг;
3.1.4."тамхи үйлдвэрлэгч" гэж тамхины үйлдвэрлэл, худалдаа, импортын үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийг;
3.1.5."тамхины зар сурталчилгаа" гэж тамхины үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээг дэмжихэд чиглэсэн аливаа хэлбэрийн мэдээлэл түгээх үйл ажиллагааг;
3.1.6."тамхины хяналт" гэж тамхины хэрэглээ, тамхины утаанд нэрвэгдэх явдлыг бууруулах замаар хүн амын эрүүл мэндийн байдлыг сайжруулах зорилго бүхий тамхины эрэлт хэрэгцээ, нийлүүлэлт болон хор хөнөөлт чанарыг бууруулахад чиглэсэн бодлогын цогц арга хэмжээг.
3.1.7."тамхигүй орчин" гэж тамхи татах, тамхины утааг харах, үнэрлэх, мэдрэх, хэмжих боломжгүй орчныг;
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
3.1.8."дотоод орчин" гэж дээвэр, хана, талуудаар хүрээлэгдсэн орон зай (хийсэн материал, тухайн орон зайг түр хугацаанд буюу байнга ашиглахаас хамаарахгүй)-г;
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
3.1.9."брэнд өргөтгөх" гэж тамхи, тамхин бүтээгдэхүүний нэр, барааны тэмдэг, лого зэрэг бусад ялгарах онцлогийг тамхин бус бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой мэтээр ашиглахыг;
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
3.1.10."брэнд хуваалцах" гэж тамхин бус бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр, барааны тэмдэг, лого зэрэг бусад ялгарах онцлогийг тамхи, тамхин бүтээгдэхүүн, тамхи үйлдвэрлэгчтэй холбоотой мэтээр ашиглахыг.
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
3.1.11."утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэг" гэж утаат тамхи татах зориулалтаар тусгайлан бэлтгэсэн талбай, агааржуулалтын тоног төхөөрөмжөөр тоноглож тусгаарласан тасалгааг.
/Энэ заалтыг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/
4 дугаар зүйл. Тамхины хяналтын талаар төрөөс баримтлах бодлого
4.1.Тамхины хяналтын талаар төрөөс баримтлах бодлого нь нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын салшгүй хэсэг бөгөөд дараахь зарчмыг баримтална:
4.1.1.тамхины татварыг Тамхины хяналтын суурь конвенцид заасан түвшинд хүргэх замаар тамхины хяналт, хүн амын эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг тогтвортой санхүүжүүлж, насанд хүрээгүй иргэнийг тамхинд орохоос сэргийлэх, тамхины хэрэглээг бууруулах;
/Энэ заалтад 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4.1.2.нийгмийн эрүүл мэндийн бодлогыг тамхи үйлдвэрлэгчдийн сөрөг нөлөөллөөс хууль тогтоомжийн хүрээнд хамгаалах;
4.1.3.тамхины хяналтын талаар бодлого, хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тамхи үйлдвэрлэгчтэй холбоогүй хувийн хэвшлийн болон төрийн бус байгууллагын оролцоог дэмжих;
4.1.4.тамхины хэрэглээ, дам тамхидалтын улмаас хүний эрүүл мэнд, эдийн засаг, байгаль орчинд учруулах сөрөг үр дагаврын талаархи шинжлэх ухааны үндэслэлтэй, бодит мэдээлэл, сургалт, сурталчилгаа болон тамхинаас гаргах эмчилгээг хүртээмжтэй болгох.
4.1.5.тамхи үйлдвэрлэгч, түүний ашиг сонирхлын төлөө ажиллаж байгаа хуулийн этгээдийг нээлттэй, хариуцлагатай зарчмаар үйл ажиллагаагаа явуулахыг шаардах;
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
4.1.6.тамхи үйлдвэрлэгчийн үйл ажиллагаанд урамшуулал, татварын хөнгөлөлт болон бусад давуу тал олгохгүй байх;
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
4.1.7.тамхины хяналтын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тамхи үйлдвэрлэгчтэй өмчийн хэлбэр харгалзахгүйгээр адил тэгш хандах;
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
4.1.8.тамхи үйлдвэрлэгч, түүний ашиг сонирхлын төлөө ажиллаж байгаа хуулийн этгээдийг тамхины хяналтын талаарх хууль тогтоомж боловсруулах, батлах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шууд оролцох болон хөндлөнгөөс нөлөөлөхөөс ангид байлгах;
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
4.1.9.нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд тамхи үйлдвэрлэгч хөндлөнгөөс оролцох стратеги, арга, уул бодлогыг тамхи үйлдвэрлэгчийн ашиг сонирхлын нөлөөллөөс хамгаалах шаардлага болон тамхи үйлдвэрлэгчийн зар сурталчилгаа, дэмжлэг, ивээн тэтгэх үйл ажиллагааны талаар төрийн бүх шатны байгууллага, олон нийт мэдээллээр хангагдсан байх.
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
5 дугаар зүйл. Тамхины хяналтын талаар төр, иргэн, хуулийн этгээдийн хүлээх нийтлэг үүрэг
5.1.Тамхины хяналтын талаар төрийн байгууллага дараахь үүрэг хүлээнэ:
5.1.1.эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тамхины хяналтын талаар төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, төрийн бус байгууллагын санаачлага, оролцоог дэмжих, нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах;
5.1.2.төрийн бүх шатны болон нутгийн өөрөө удирдах байгууллага нь бүрэн эрхийнхээ дагуу хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах бодлогын хүрээнд дангаар буюу холбогдох бусад байгууллагатай хамтран ажиллах.
5.1.3.нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, олон нийтийн боловсрол олгох чиглэлээр тамхи үйлдвэрлэгч, эсхүл түүний ашиг сонирхлын төлөө ажиллаж байгаа хуулийн этгээд, иргэдтэй хамтран ажиллахаас татгалзах;
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
5.1.4.тамхины хяналтын тухай хууль тогтоомж боловсруулах явцад ашиг сонирхлын зөрчил байгаа гэж үзсэн тохиолдолд тамхи үйлдвэрлэгчээс тавьсан саналыг хүлээн авахаас татгалзах;
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
5.1.5.тамхины хяналтын талаар төрөөс баримтлах бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцож байгаа төрийн албан хаагч, бусад ажилтны ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж, хамтран ажиллахаас татгалзах;
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
5.1.6.утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгт утаат тамхи татахыг зөвшөөрсөн анхааруулах тэмдэг байрлуулах;
/Энэ заалтыг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/
5.1.7.энэ хуулийн 9.1.1-9.1.4, 9.1.7, 9.1.8-д заасан хориглосон газраас бусад гадаад орчин дахь нийтийн эдэлбэр газарт байгуулах утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийн байршил, төсвийг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэх.
/Энэ заалтыг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/
5.2.Тамхины хяналтын талаар иргэн, хуулийн этгээд дараахь үүрэг хүлээнэ:
5.2.1.тамхины хяналтын арга хэмжээг хэрэгжүүлэх, иргэнийг тамхинаас гарахад бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэх, дам тамхидалтаас сэргийлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулах;
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
5.2.2.тамхины хэрэглээ, дам тамхидалтын улмаас хүний эрүүл мэнд, амь насанд учрах эрсдэл, хор нөлөөний талаар шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллээр иргэдийг хангах;
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
5.2.3.тамхи үйлдвэрлэгчээс төрөл бүрийн хандив, тусламж, тэтгэлэг хүлээж авахаас татгалзах.
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
5.2.4.утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгт утаат тамхи татахыг зөвшөөрсөн анхааруулах тэмдэг байрлуулах;
/Энэ заалтыг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/
5.2.5.энэ хуулийн 9.1.5, 9.1.6-д заасан газарт утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг 300м2-аас доошгүй талбай бүхий барилга байгууламжид нэгээс илүүгүй байхаар тухайн аж ахуйн нэгж, байгууллага байгуулах.
/Энэ заалтыг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/
5.3.Тамхины хяналтын талаар тамхи үйлдвэрлэгч хуулийн этгээд дараах үүрэг хүлээнэ:
5.3.1.тамхи үйлдвэрлэгч болон түүний 20-оос дээш хувийн хувьцаа эзэмшигчийн нэр, хаяг, эрхэлж байгаа үйл ажиллагаа, тамхины үйлдвэрлэлтэй холбоотой бусад мэдээллийг өөрийн цахим хуудаст байрлуулан нийтэд ил тод байлгах;
5.3.2.эрх бүхий байгууллагаас баталсан тамхины хайрцаг, сав, баглаа боодолд тавигдах стандартыг батлагдсан өдрөөс нь хойш нэг жилийн дотор бүрэн хангасан байх.
/Энэ хэсгийг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
ТАМХИНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ, ХУДАЛДАА, ХЭРЭГЛЭЭ, СУРТАЛЧИЛГААНЫ ЗОХИЦУУЛАЛТ
6 дугаар зүйл. Тамхи импортлох, экспортлох, үйлдвэрлэх, худалдах, хэрэглэхэд тавих шаардлага
/Энэ зүйлийн гарчигт 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.1.Тамхи үйлдвэрлэх, импортлох, экспортлох, худалдах эрүүл ахуйн нөхцөл, тамхин дахь хорт бодисын агууламжийн талаархи эрүүл мэндийн дүгнэлтийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тамхины төрөл тус бүрээр олгоно. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.2.Улсын хилээр иргэдийн оруулж ирэх хувийн хэрэглээний тамхины тоо хэмжээг гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтооно.
6.3.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэх, худалдах, импортлох, экспортлох тамхинд агуулагдах бохь, никотин, бусад хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ, утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгт тавих стандартыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн Стандартчиллын Үндэсний зөвлөл батална.
/Энэ заалтад 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.4.Тамхи нь эрүүл мэндийн хор нөлөөний тухай анхааруулгатай байх бөгөөд анхааруулга нь дараахь шаардлагыг хангасан байна:
6.4.1.зурат анхааруулга нь янжуур тамхины хайрцагны нүүр болон ар талын талбайн хэсгийн, дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхины сав, баглаа боодлын нүүрэн талын гадаргууны талбайн 50-аас багагүй хувийг эзэлсэн байх;
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
6.4.2.тамхин бүтээгдэхүүнээс хүний эрүүл мэндэд учруулах хор нөлөөний талаар том хэмжээтэй, тод харагдахуйц, гаргацтай бичих, зураг буюу дүрсээр харуулах.
6.5.Анхааруулгын болон анхааруулах тэмдгийн загварыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална. Нэг удаад зургаан төрлийн анхааруулгын загвар гаргах бөгөөд анхааруулгын загварыг гурван жилд нэг удаа солино.
/Энэ хэсэгт 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хууль, 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
6.6.Анхааруулга болон бусад шаардлагатай тэмдэглэл нь монгол хэл дээр бичигдсэн байна.
6.7.Монгол Улсын нутаг дэвсгэрт тамхи импортлох, экспортлох, үйлдвэрлэх, худалдах, хэрэглэхэд дараахь зүйлийг хориглоно:
/Энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.7.1.тамхины найрлагад агуулагдах бохь, никотин, бусад хорт бодисын хэмжээ болон дуусгавар болох хугацааг заагаагүй;
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
6.7.2.янжуурыг нэг хайрцагт 20 ширхгээс цөөнөөр, дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхийг 200 граммаас багаар савлах;
/Энэ заалтад 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
6.7.3.энэ хуулийн 6.4-д заасан анхааруулгагүй буюу түүнд тавигдах шаардлагыг хангаагүй;
6.7.4.энэ хуулийн 6.1-д заасан эрүүл мэндийн дүгнэлт олгогдоогүй;
6.7.5."Монгол Улсад үйлдвэрлэв" гэсэн шошготойгоор бусад улсад үйлдвэрлэсэн;
6.7.6.тамхины хайрцаг, сав, баглаа боодол дээр тухайн тамхийг бусад тамхинаас илүү хор нөлөө багатай гэсэн утгатай үг бичих буюу түүнтэй адилтгах лого, өнгө, брэндын дүрс, тэдгээрийн хослол хэрэглэх;
/Энэ заалтад 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.7.7. 21 нас хүрээгүй хүнд тамхи худалдах, түүгээр тамхи худалдуулах;
/Энэ заалтад 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.7.8.тамхийг ширхэглэн худалдах, дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхины үйлдвэрлэсэн боодлыг задалж буюу ороож худалдах;
6.7.9.тамхи худалдах автомат машин ажиллуулах;
6.7.10.тамхины борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор аливаа хэлбэрийн урамшуулалт худалдаа зохион байгуулах, сугалаа гаргах;
6.7.11.хайрцаг, сав, баглаа боодол дээр онцгой албан татварын тэмдэг, үйлдвэрлэсэн улс, он, сар, үйлдвэр, импортлогчийн нэр, Монгол Улсад худалдахыг зөвшөөрсөн тухай тэмдэглэлгүй;
6.7.12.зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт тамхи худалдах.
6.7.13.интернэтээр тамхи худалдах;
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
6.7.14.ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метрийн дотор тамхи худалдах;
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
6.7.15.баар, цэнгээний газарт тамхи худалдах.
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
6.8.Тамхи, тамхин бүтээгдэхүүний худалдаа эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээд дараах үүрэг хүлээнэ:
6.8.1.худалдан авагчийн насыг тодорхойлох зорилгоор иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтаа үзүүлэхийг шаардах;
6.8.2.энэ хуулийн 6.8.1-д заасан бичиг баримт үзүүлэхээс татгалзсан бол түүнд тамхи, тамхин бүтээгдэхүүн худалдахгүй байх.
/Энэ хэсгийг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
6.9.Тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээнд хяналт тавих журмыг Засгийн газар батална.
/Энэ хэсгийг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
7 дугаар зүйл. Тусгай болон энгийн зөвшөөрөл /Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
7.1.Тамхи үйлдвэрлэх, тамхины ургамал тарих үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тамхи импортлох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг үйлдвэр, худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар олгож, хүчингүй болгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
7.2.Засгийн газар тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох эрхээ хүнс, хөдөө аж ахуйн болон үйлдвэр, худалдааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд шилжүүлж болно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
7.3.Тамхи үйлдвэрлэх, тамхины ургамал тарих үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр жил, тамхи импортлох тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаагаар олгож, мөн хугацаагаар сунгана. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсгийг 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
7.4.Тамхи үйлдвэрлэх, тамхины ургамал тарих тусгай зөвшөөрлийг хоёр жил, тамхи импортлох тусгай зөвшөөрлийг гурван жилээс дээш хугацаагаар сунгахгүй. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
7.5.Тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 71 дүгээр зүйлд заасны дагуу сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
7.6.Хүнс, хөдөө аж ахуйн болон үйлдвэр, худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тамхи үйлдвэрлэх, тамхины ургамал тарих, тамхи импортлох тусгай зөвшөөрөл олгох тухай хүсэлтийг хүлээн авч, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан хугацаанд багтаан магадлан шалгаж, Засгийн газарт хүргүүлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
7.7.Тамхи үйлдвэрлэх, тамхины ургамал тарих тусгай зөвшөөрлийг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хяналт тавих чиг үүргийг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тамхи импортлох тусгай зөвшөөрлийг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хяналт тавих чиг үүргийг үйлдвэр, худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
7.8.Тамхи үйлдвэрлэх, тамхины ургамал тарих тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахад энэ хуулийн 71.2.1, 71.2.2, 71.2.3, 71.2.4, 71.2.5-д заасан баримт бичгийг, тамхи импортлох тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахад энэ хуулийн 72.2-т заасан баримт бичгийг бүрдүүлж, холбогдох төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
7.9.Тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сум, дүүргийн Засаг дарга, чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт чөлөөт бүсийн захирагч олгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
7.10.Тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүсэгч доор дурдсан баримт бичгийг бүрдүүлнэ: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
7.10.1.тусгай зөвшөөрөл хүссэн албан бичиг /оноосон нэр, байрлах хаяг, харилцах утсыг тодорхой дурдах/; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
7.10.2.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
7.10.3.хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагаас тухайн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагааг эрхлэх талаар гаргасан улсын байцаагчийн болон ажлын байрны дүгнэлт; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
7.10.4.худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний стандартын шаардлагыг дүгнэсэн стандартын хуудасны хуулбар; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
7.10.5.тухайн үйл ажиллагааг эрхлэх байранд хийгдсэн онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын галын дүгнэлт. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
7.11.Тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сунгуулахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
7.11.1.тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдөл; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
7.11.2.цагдаагийн байгууллагын тодорхойлолт; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
7.11.3.хяналтын улсын байцаагчийн дүгнэлт. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
7.12.Тамхи үйлдвэрлэх, импортлох, худалдах, тамхины ургамал тарих үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй холбогдсон энэ хуулиар зохицуулаагүй бусад харилцааг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
8 дугаар зүйл. Тамхины зар сурталчилгаа, дэмжлэг үзүүлэх, ивээн тэтгэх үйл ажиллагааг хориглох
/Энэ зүйлийн гарчигт 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
8.1.Дараахь хэлбэрээр тамхи сурталчлахыг хориглоно:
8.1.1.тамхи, тамхи ороодог цаас, тамхины шүүр, тамхи орооход хэрэглэгддэг төхөөрөмж, тамхины бусад дагалдах хэрэгсэл, тамхи үйлдвэрлэгчийн нэр, лого, тамхин бүтээгдэхүүн, түүний брэндийн нэр, барааны тэмдэг, тамхи үйлдвэрлэгчтэй холбоотой өнгө, өнгөний хослол, үг хэллэг, дизайн, зураг, дүрс, үнэр, дуу авиаг ашиглах, алдартай жүжигчин, тамирчин, урлаг, соёлын ажилтан зэрэг олон нийтийн дунд нэр хүнд бүхий хүнийг оролцуулах замаар тамхийг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, кино, хувцасны загвар өмсөх үзүүлбэр, урлаг, спортын тоглолт, уралдаан, тэмцээн, гар утас, бусад шинэ технологи, ханын болон гудамжны самбар, зурагт хуудас, зар чимэглэл, зорчигчийн тийз ашиглах болон бусад биет байдлаар сурталчлах;
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
8.1.2.хүүхдэд тамхи татахыг зааж сургах, өөгшүүлэх;
8.1.3.хуулийн этгээдийг тамхи болон тамхины үйлдвэрийн нэрээр нэрлэх;
8.1.4.тамхи үйлдвэрлэгчээс эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, биеийн тамир, спортын болон бусад олон нийтийн арга хэмжээнд ивээн тэтгэгчээр оролцох, төрөл бүрийн хандив, тусламж, тэтгэлэг үзүүлэх;
/Энэ заалтад 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
8.1.5.эд бараа, хувцас, хэрэглээний зүйлд тамхи болон тамхины үйлдвэрийн зураг, нэр, тэмдэг хэрэглэх;
8.1.6.гадна хэлбэрээрээ тамхин бүтээгдэхүүнтэй ижил төстэй чихэр, тоглоом болон тамхин бус бусад бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, үнэгүй бэлэг, бүтээгдэхүүний дээж тараах, аливаа хэлбэрийн сугалаа, уралдаан, тэмцээн, хямдрал, урамшуулал, хөнгөлөлт, тэтгэлэг үзүүлэх зэрэг бусад хэлбэрээр тамхи сурталчлах;
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
8.1.7.тамхи борлуулах аливаа цэгт тамхины нэр, үнэ, тамхин бүтээгдэхүүнийг биетээр дэлгэн тавихаас бусад хэлбэрээр мэдээлэл өгөх;
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
8.1.8.тамхины хайрцаг, сав, баглаа боодлын гадна болон дотор талд үндэсний стандартад зааснаас бусад, хэрэглэгчийн анхаарал татах аливаа нэмэлт дүрс, үг хэллэг зэрэг мэдээллийг агуулсан байх;
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
8.1.9.тамхи үйлдвэрлэгчийн брэнд өргөтгөх болон брэнд хуваалцах үйл ажиллагаа;
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
8.1.10.тамхи үйлдвэрлэгч өөрөө, эсхүл өөр байгууллага, этгээдээр дамжуулан бусдад санхүүгийн болон эд материалын хандив, тусламж үзүүлэх замаар тамхийг шууд, шууд бус хэлбэрээр сурталчлах;
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
8.1.11.тамхины брэндийн дүрс, логог үзвэр, үйлчилгээний газрын орчинд байршуулах;
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
8.1.12.тамхины талаар худал ташаа, төөрөгдүүлсэн, эсхүл буруу сэтгэгдэл төрүүлж болох бүх төрлийн сурталчилгаа.
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
8.2.Тамхины бүх төрлийн зар сурталчилгааны материалыг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно.
/Энэ хэсэгт 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
8.3.Тамхины хил дамнасан зар сурталчилгаа, дэмжлэг, ивээн тэтгэх үйл ажиллагааг хориглоно.
/Энэ хэсгийг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
8.4.Тамхи үйлдвэрлэгч шууд, эсхүл өөр байгууллагаар дамжуулан нийгмийн хариуцлага нэрийн дор нийгмийн халамжийн, эрүүл мэндийн, байгаль орчныг хамгаалах байгууллагад санхүүгийн болон эд материалын хандив, тусламж үзүүлэхийг хориглоно.
/Энэ хэсгийг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
9 дугаар зүйл. Утаат тамхи татахыг хориглох
9.1.Дараах газар утаат тамхи татахыг хориглоно:
9.1.1.бүх төрлийн нийтийн тээврийн хэрэгсэл;
9.1.2.олон нийтийн үзвэр, үйлчилгээний газар;
9.1.3.шатахуун түгээгүүрийн газар, шатах, тослох, тэсэрч, дэлбэрэх бодис, материалын үйлдвэр, түүний нөөцийн агуулах;
9.1.4.зорчигч тээврийн буудал, зочид буудлын нийтийн танхим, тамхи татахыг хориглосон өрөө;
9.1.5.нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газрын утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгээс бусад орчин;
/Энэ заалтыг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
9.1.6.аж ахуйн нэгж, байгууллагын утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгээс бусад ажлын байрын дотоод орчин;
/Энэ заалтыг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
9.1.7.агаарын хөлөг, зорчигч тээврийн галт тэрэг;
9.1.8.цэцэрлэг, бүх шатны сургууль, сургуулийн дотуур байр, эмнэлэг, сувилал, тэдгээрийн гаднах орчин, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц, шат, цахилгаан шат, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн.
/Энэ заалтад 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
9.2.Аж ахуйн нэгж, байгууллага хуульд заасан тамхины хяналтын үйл ажиллагаатай холбогдсон зохицуулалтыг байгууллагынхаа хөдөлмөрийн дотоод журамд тусгаж, хэрэгжилтэд нь хяналт тавина.
9.3.Аж ахуй нэгж, байгууллагын орох хаалга, хүлээлгийн танхим, хонгил, бие засах газар болон бусад шаардлагатай газарт тамхи татахыг хориглосон анхааруулах тэмдэг байрлуулна.
9.4.Энэ хуулийн 9.3-т заасан анхааруулах тэмдэг нь зөрчил илэрсэн тохиолдолд олон нийтийн мэдээлэл, гомдол, саналыг хүлээн авч шийдвэрлэх байгууллагын хаяг, утасны дугаар, албан тушаалтны нэрийг агуулсан байх бөгөөд анхааруулах тэмдгийн загварыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
/Энэ зүйлийг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ САНХҮҮЖИЛТ
10 дугаар зүйл. Эрүүл мэндийг дэмжих сан
Энэ зүйлийг 2019-11-13-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.
10.1.Иргэдэд эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх, тамхины хэрэглээг бууруулах зорилгоор эрүүл мэндийг дэмжих сан /цаашид "сан" гэх/ байгуулна.
10.2.Сан нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан эх үүсвэрээс бүрдэнэ.
/Энэ хэсгийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
10.3.Санд иргэн, хуулийн этгээд, түүнчлэн олон улсын болон гадаадын байгууллага, иргэд, харьяалалгүй хүмүүсээс үзүүлсэн хандив, тусламж болон хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс хөрөнгө төвлөрүүлж болно.
10.4.Сангийн хөрөнгийг Засгийн газрын тусгай санд төвлөрүүлнэ.
/Энэ хэсгийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
10.5.Сангийн хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 19.3-т заасан зориулалтаар зарцуулна.
/Энэ хэсгийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
10.6.Сангийн дүрэм, зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний ажиллах журмыг Засгийн газар батална.
БУСАД ЗҮЙЛ
11 дугаар зүйл. Тамхины хяналтын тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих
11.1.Тамхины хяналтын тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих төрийн хяналтыг Засгийн газар, бүх шатны Засаг дарга, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий холбогдох байгууллага, цагдаа болон хууль тогтоомжоор эрх олгогдсон бусад байгууллага, албан тушаалтан тус тусын эрх хэмжээний дагуу хэрэгжүүлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
11.2.Аж ахуй нэгж, байгууллага, тэдгээрийн салбар нэгжийн удирдлага энэ хуульд заасан өөрийн эрх хэмжээний хүрээнд тамхины хяналтын тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавина.
11.3.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах болон бусад төрийн бус байгууллага тамхины хяналтын тухай хууль тогтоомжийн биелэлтэд олон нийтийн хяналт тавьж болно.
12 дугаар зүйл. Гомдол гаргах
Тамхины хяналтын тухай хууль тогтоомж зөрчигдсөний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учирсан гэж үзсэн иргэн, хуулийн этгээд гомдлоо холбогдох байгууллага, албан тушаалтан болон шүүхэд гаргаж болно.
13 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
13.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
13.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
71 дугаар зүйл. Тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам /Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
71.1.Тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох төсөл сонгон шалгаруулах зарыг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үндэсний хэмжээний өдөр тутмын хэвлэл болон цахим хуудсаараа дамжуулан нийтэд зарлах бөгөөд төсөл хүлээн авах хугацааг 30 ба түүнээс дээш хоногоор тогтооно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
71.2.Тусгай зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээд сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ Тамхины хяналтын суурь конвенц, холбогдох стандартын шаардлага болон дараах баримт бичгийн хамт хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
71.2.1.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
71.2.2.татварын өргүй болохыг нотлох баримт; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
71.2.3.Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд заасан цахим төлбөрийн баримтын системд холбогдсон талаарх нотлох баримт; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
71.2.4.аймаг, нийслэлийн Засаг даргын санал; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
71.2.5.байгаль орчны нарийвчилсан үнэлгээ. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
71.3.Сонгон шалгаруулалтад оролцох тусгай зөвшөөрөл хүсэгчээс ирүүлсэн баримт бичигт үнэлгээ өгөх ажлын хэсгийг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага томилно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
71.4.Энэ хуулийн 71.3-т заасан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон эрүүл мэнд, хууль зүй, хүнсний салбарын эрдэм шинжилгээ, сургалт эрхэлсэн байгууллагын төлөөллийг оролцуулна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
71.5.Ажлын хэсэг сонгон шалгаруулалтад ирүүлсэн саналыг Тамхины хяналтын суурь конвенц, холбогдох стандартын шаардлагын дагуу дараах үзүүлэлт, оноогоор үнэлнэ: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
71.5.1.тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх төслийн техник, эдийн засгийн үнэлгээ 0-15 хүртэл оноо; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
71.5.2.үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, үүнээс нэвтрүүлэхээр төлөвлөсөн дэвшилтэт техник 0-10 хүртэл оноо; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
71.5.3.үйлдвэрлэлийн технологи, үүнээс нэвтрүүлэхээр төлөвлөсөн дэвшилтэт технологи 0-15 хүртэл оноо; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
71.5.4.эрүүл ахуйн нөхцөл 0-5 хүртэл оноо; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
71.5.5.мэргэжлийн боловсон хүчний байдал 0-4 хүртэл оноо; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
71.5.6.лаборатори болон технологийн хяналт 0-10 хүртэл оноо; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
71.5.7.хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангах нөхцөл 0-8 хүртэл оноо; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
71.5.8.галын аюулгүй байдлыг хангах нөхцөл 0-4 хүртэл оноо; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
71.5.9.үйлдвэрлэлийн зураг төслийн иж бүрдэл 0-9 хүртэл оноо; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
71.5.10.хайрцаг, сав, баглаа боодлын загвар /стандартын шаардлага, эрүүл ахуйн анхааруулгыг оруулна/ 0-6 хүртэл оноо; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
71.5.11.баримт бичгийн бүрдэлт /өргөдөл, Засаг даргын санал, улсын бүртгэлийн гэрчилгээ, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ/ 0-14 хүртэл оноо. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
71.6.Сонгон шалгаруулах төсөл бүрийн үзүүлэлтийг ажлын хэсгийн гишүүн бүр үнэлж, оноог гишүүдийн дундаж үнэлгээгээр гаргана. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
71.7.Ажлын хэсэг шаардлагатай бол өргөдөл гаргагчийн баримт бичгийг холбогдох байгууллагаар нягтлан шалгуулах, магадлан шинжилгээ хийлгэх эрхтэй. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
71.8.Ажлын хэсэг сонгон шалгаруулалтад оролцсон төсөл бүрийг ажлын таван өдөрт, холбогдох байгууллагаар нягтлан шалгуулах, магадлан шинжилгээ хийлгэх шаардлагатай тохиолдолд ажлын найман өдөрт багтаан шалгаж, дүгнэлт гарган хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад танилцуулна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
72 дугаар зүйл. Тамхи импортлох тусгай зөвшөөрөл олгох журам /Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
72.1.Тамхи импортлох тусгай зөвшөөрлийг ашгийн төлөө хуулийн этгээдэд олгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
72.2.Тусгай зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээд дараах баримт бичгийг үйлдвэр, худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
72.2.1.тусгай зөвшөөрлийн хүсэлт; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
72.2.2.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
72.2.3.татварын албаны санал, тодорхойлолт; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
72.2.4.тохирлын гэрчилгээний хуулбар; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
72.2.5.тамхи худалдан авах гэрээ; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
72.2.6.импортлох тамхийг үйлдвэрлэсэн болон экспортолсон улс орны чанар, стандартын шаардлага хангаж байгааг тодорхойлсон гэрчилгээ, баримт бичиг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
72.2.7.импортолсон бүтээгдэхүүнээ хадгалах агуулахын талаарх мэдээлэл; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
72.2.8.импортын тамхи хадгалах барилга байгууламжийн аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулсан талаарх цагдаагийн байгууллагын санал; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
72.2.9.аймаг, нийслэлийн Засаг даргын санал; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
72.2.10.энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан импортлох тамхины төрөл тус бүрийн эрүүл ахуйн нөхцөл, тамхин дахь хорт бодисын агууламжийн талаарх дүгнэлт; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
72.2.11.импортлох тамхины дээжийг гаалийн байгууллагын урьдчилсан шинжилгээнд хамруулж, эрүүл ахуйн шаардлага хангасан талаарх баримт. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./