8 дугаар зүйл. Тамхины зар сурталчилгаа, дэмжлэг үзүүлэх, ивээн тэтгэх үйл ажиллагааг хориглох

ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

8 дугаар зүйл. Тамхины зар сурталчилгаа, дэмжлэг үзүүлэх, ивээн тэтгэх үйл ажиллагааг хориглох

/Энэ зүйлийн гарчигт 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.1.Дараахь хэлбэрээр тамхи сурталчлахыг хориглоно:

8.1.1.тамхи, тамхи ороодог цаас, тамхины шүүр, тамхи орооход хэрэглэгддэг төхөөрөмж, тамхины бусад дагалдах хэрэгсэл, тамхи үйлдвэрлэгчийн нэр, лого, тамхин бүтээгдэхүүн, түүний брэндийн нэр, барааны тэмдэг, тамхи үйлдвэрлэгчтэй холбоотой өнгө, өнгөний хослол, үг хэллэг, дизайн, зураг, дүрс, үнэр, дуу авиаг ашиглах, алдартай жүжигчин, тамирчин, урлаг, соёлын ажилтан зэрэг олон нийтийн дунд нэр хүнд бүхий хүнийг оролцуулах замаар тамхийг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, кино, хувцасны загвар өмсөх үзүүлбэр, урлаг, спортын тоглолт, уралдаан, тэмцээн, гар утас, бусад шинэ технологи, ханын болон гудамжны самбар, зурагт хуудас, зар чимэглэл, зорчигчийн тийз ашиглах болон бусад биет байдлаар сурталчлах;

/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

8.1.2.хүүхдэд тамхи татахыг зааж сургах, өөгшүүлэх;

8.1.3.хуулийн этгээдийг тамхи болон тамхины үйлдвэрийн нэрээр нэрлэх;

8.1.4.тамхи үйлдвэрлэгчээс эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, биеийн тамир, спортын болон бусад олон нийтийн арга хэмжээнд ивээн тэтгэгчээр оролцох, төрөл бүрийн хандив, тусламж, тэтгэлэг үзүүлэх;

/Энэ заалтад 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

8.1.5.эд бараа, хувцас, хэрэглээний зүйлд тамхи болон тамхины үйлдвэрийн зураг, нэр, тэмдэг хэрэглэх;

8.1.6.гадна хэлбэрээрээ тамхин бүтээгдэхүүнтэй ижил төстэй чихэр, тоглоом болон тамхин бус бусад бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, үнэгүй бэлэг, бүтээгдэхүүний дээж тараах, аливаа хэлбэрийн сугалаа, уралдаан, тэмцээн, хямдрал, урамшуулал, хөнгөлөлт, тэтгэлэг үзүүлэх зэрэг бусад хэлбэрээр тамхи сурталчлах;

/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

8.1.7.тамхи борлуулах аливаа цэгт тамхины нэр, үнэ, тамхин бүтээгдэхүүнийг биетээр дэлгэн тавихаас бусад хэлбэрээр мэдээлэл өгөх;

/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

8.1.8.тамхины хайрцаг, сав, баглаа боодлын гадна болон дотор талд үндэсний стандартад зааснаас бусад, хэрэглэгчийн анхаарал татах аливаа нэмэлт дүрс, үг хэллэг зэрэг мэдээллийг агуулсан байх;

/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

8.1.9.тамхи үйлдвэрлэгчийн брэнд өргөтгөх болон брэнд хуваалцах үйл ажиллагаа;

/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

8.1.10.тамхи үйлдвэрлэгч өөрөө, эсхүл өөр байгууллага, этгээдээр дамжуулан бусдад санхүүгийн болон эд материалын хандив, тусламж үзүүлэх замаар тамхийг шууд, шууд бус хэлбэрээр сурталчлах;

/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

8.1.11.тамхины брэндийн дүрс, логог үзвэр, үйлчилгээний газрын орчинд байршуулах;

/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

8.1.12.тамхины талаар худал ташаа, төөрөгдүүлсэн, эсхүл буруу сэтгэгдэл төрүүлж болох бүх төрлийн сурталчилгаа.

/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

8.2.Тамхины бүх төрлийн зар сурталчилгааны материалыг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно.

/Энэ хэсэгт 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

8.3.Тамхины хил дамнасан зар сурталчилгаа, дэмжлэг, ивээн тэтгэх үйл ажиллагааг хориглоно.

/Энэ хэсгийг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

8.4.Тамхи үйлдвэрлэгч шууд, эсхүл өөр байгууллагаар дамжуулан нийгмийн хариуцлага нэрийн дор нийгмийн халамжийн, эрүүл мэндийн, байгаль орчныг хамгаалах байгууллагад санхүүгийн болон эд материалын хандив, тусламж үзүүлэхийг хориглоно.

/Энэ хэсгийг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.