9 дугаар зүйл. Утаат тамхи татахыг хориглох

ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Утаат тамхи татахыг хориглох

9.1.Дараах газар утаат тамхи татахыг хориглоно:

9.1.1.бүх төрлийн нийтийн тээврийн хэрэгсэл;

9.1.2.олон нийтийн үзвэр, үйлчилгээний газар;

9.1.3.шатахуун түгээгүүрийн газар, шатах, тослох, тэсэрч, дэлбэрэх бодис, материалын үйлдвэр, түүний нөөцийн агуулах;

9.1.4.зорчигч тээврийн буудал, зочид буудлын нийтийн танхим, тамхи татахыг хориглосон өрөө;

9.1.5.нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газрын утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгээс бусад орчин;

/Энэ заалтыг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

9.1.6.аж ахуйн нэгж, байгууллагын утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгээс бусад ажлын байрын дотоод орчин;

/Энэ заалтыг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

9.1.7.агаарын хөлөг, зорчигч тээврийн галт тэрэг;

9.1.8.цэцэрлэг, бүх шатны сургууль, сургуулийн дотуур байр, эмнэлэг, сувилал, тэдгээрийн гаднах орчин, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц, шат, цахилгаан шат, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн.

/Энэ заалтад 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

9.2.Аж ахуйн нэгж, байгууллага хуульд заасан тамхины хяналтын үйл ажиллагаатай холбогдсон зохицуулалтыг байгууллагынхаа хөдөлмөрийн дотоод журамд тусгаж, хэрэгжилтэд нь хяналт тавина.

9.3.Аж ахуй нэгж, байгууллагын орох хаалга, хүлээлгийн танхим, хонгил, бие засах газар болон бусад шаардлагатай газарт тамхи татахыг хориглосон анхааруулах тэмдэг байрлуулна.

9.4.Энэ хуулийн 9.3-т заасан анхааруулах тэмдэг нь зөрчил илэрсэн тохиолдолд олон нийтийн мэдээлэл, гомдол, саналыг хүлээн авч шийдвэрлэх байгууллагын хаяг, утасны дугаар, албан тушаалтны нэрийг агуулсан байх бөгөөд анхааруулах тэмдгийн загварыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

/Энэ зүйлийг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ САНХҮҮЖИЛТ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.