23 дугаар зүйл. Монголбанкны үйл ажиллагаанд хориглох зүйл

ТӨВ БАНК /МОНГОЛБАНК/-НЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

23 дугаар зүйл. Монголбанкны үйл ажиллагаанд хориглох зүйл

1. Монголбанкнаас дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

1/ иргэн, хуулийн этгээдэд санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлэх;

2/ ашиг олох зорилгоор хөдлөх ба үл хөдлөх хөрөнгө худалдан авах, худалдах;

3/Засгийн газар болон банк, Хадгаламжийн даатгалын болон Үндэсний баялгийн сан, Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд заасан шууд оролцогч, оператороос бусад хуулийн этгээд, иргэний мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалах, төлбөр тооцоо хийх, зээлийн үйл ажиллагаа эрхлэх; /Энэ заалтыг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтад 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4/ хуулийн этгээдийн дүрмийн санд хувь оруулах, үнэт цаас худалдан авах, худалдах.

/Энэ хэсэгт 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

5/ Засгийн газар, банкнаас бусад хуулийн этгээд, иргэнд зээл, төлбөрийн болон банкны баталгаа гаргах;

/Энэ заалтыг 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар нэмсэн/

6/ хуулийн этгээд, иргэний дотоод, гадаадаас авах зээлийг дэмжих зорилгоор алт болон нөөц активыг барьцаалах;

/Энэ заалтыг 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар нэмсэн/

7/хуульд зааснаас бусад тохиолдолд хүн, хуулийн этгээд, тухайлсан банкинд эдийн засгийн буюу арилжааны давуу байдал бий болгосон, эдийн засгийн тодорхой салбарт зориулсан тэнцлийн болон тэнцлийн гадуурх аливаа хэлцэл, гүйлгээ хийх.

/Энэ заалтыг 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2. Монголбанк дараахь үйл ажиллагаа явуулах нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасанд хамаарахгүй:

1/ үүрэг гүйцэтгэх хугацаа нэг жилээс дээш хэтэрсэн тохиолдолд авлага барагдуулах зорилгоор боломжтой хугацааны дотор худалдах нөхцөлтэйгээр энэ зүйлийн 1 дэх хэсгийн 2,4-т заасан хөрөнгө, үнэт цаасыг худалдан авах;

/Энэ заалтад 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

2/ нийт дүнгээрээ өөрийн хөрөнгийн гурван хувиас хэтрүүлэхгүйгээр дангаараа хадгаламжийн даатгал, экспортын санхүүжилт, төлбөр харилцан суутгах үйл ажиллагаа, автоматжуулалт, банкны мэдээлэл боловсруулалт эрхэлдэг болон мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхтэй шууд холбоотой хуулийн этгээдийн хувьцааг эзэмших;

3/ өөрийн ажилтныг Төрийн албаны тухай хуульд зааснаас дордуулахгүйгээр ажиллах нөхцөл, баталгаагаар хангах, ажилтанд хууль тогтоомжийн дагуу санхүүгийн тусламж үзүүлэх, зардлыг гаргах.

/Энэ заалтад 2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

4/ банкны төлбөрийн чадварт гарсан хүндрэл нь банкны тогтолцоо, төлбөр тооцооны тогтолцооны шинж чанартай эрсдлийг үүсгэж болзошгүй болсон гэж үзэж Монголбанк онцгой дэглэм тогтоосон.

/Энэ хэсгийг 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

5/санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Хадгаламжийн даатгалын корпорацид хуульд заасны дагуу зээл олгох.

/Энэ заалтыг 2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтад 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6/татварын хууль тогтоомжийн дагуу арилжааны банкнаас мэдээлэл гаргуулах талаар шаардлага хүргүүлж, албадлагын арга хэмжээ авах.

/Энэ заалтыг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

Монгол банкнаас үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагаанд болон банканд тавих хяналт

/Энэ бүлгийн нэрийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.