273 дугаар зүйл. Мөнгөний бодлогын хороо
1.Мөнгөний бодлогын хороо долоон гишүүнтэй байх бөгөөд Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо нэр дэвшүүлж, Улсын Их Хурлаас зургаан жилийн хугацаатай томилсон орон тооны бус дөрвөн гишүүнээс бүрдэнэ.
2.Орон тооны бус гишүүн дараахь шалгуурыг хангасан байна:
1/банк, санхүү, эдийн засгийн чиглэлийн их дээд сургууль, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагад мэргэжлээрээ 10-аас дээш жил, үүний таваас доошгүй жилд макро эдийн засгийн бодлого, судалгаа шинжилгээний чиглэлээр ажилласан туршлагатай;
2/Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа банкны эрх бүхий албан тушаалтан, банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээд, холбогдох этгээд биш;
3/ашиг сонирхлын зөрчилгүй.
3.Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнийг уг хорооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөхөд энэ хуулийн 26 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг нэгэн адил баримтална.
4.Мөнгөний бодлогын хороо дараахь асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэнэ:
1/төрийн мөнгөний бодлогын төсөл;
2/мөнгөний бодлогын хэрэгслийн хүүг тогтоох;
3/банкны заавал байлгах нөөцийн хэмжээ, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн хувь, хэмжээг тогтоох.
5.Мөнгөний бодлогын хорооны үйл ажиллагааны хэлбэр нь хуралдаан байна.
6.Мөнгөний бодлогын хороо хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр гаргах бөгөөд санал тэнцсэн тохиолдолд хуралдаан даргалагчийн саналаар шийдвэрлэнэ.
7.Мөнгөний бодлогын хороо жилд дөрвөөс доошгүй удаа хуралдана. Монголбанкны Ерөнхийлөгч, эсхүл хорооны гурваас доошгүй гишүүн санал гаргасан бол ээлжит бус хурлыг зарлан хуралдуулна.
8.Мөнгөний бодлогын хорооны шийдвэр нь тогтоол хэлбэртэй байх бөгөөд түүнд хуралдаан даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна.
/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./