50 дугаар зүйл. Шинжээч, түүний эрх, үүрэг
1. Төсөлтэй холбогдох үндсэн мэргэжлийн шинжээч, эсхүл түүнийг оролцуулан холбогдох мэргэжлийн шинжээчдийн багийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шинжээчдийн бүртгэлийг үндэслэн тухайн төсөл шалгаруулах өдөр томилно.
/Энэ хэсэгт 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2. Шинжээч нь дараахь шаардлага хангасан байвал зохино:
1/ сонгон шалгаруулах төслийн үндсэн мэргэжлийн дээд боловсролтой, уг мэргэжлээрээ З-аас доошгүй жил ажилласан байх;
2/ багд орох бусад шинжээчдийн хувьд нягтлан бодох бүртгэл, санхүү-эдийн засаг, эрх зүйн болон шинжлэх ухаан, техникийн талаар тухайн төслийн агуулгатай холбогдох дээд боловсролтой, зохих дадлагатай байх;
3/ ял шийтгэлгүй;
4/ төсөл буюу хувьчлах эд хөрөнгийн талаар ямар нэг хувийн сонирхолгүй байх.
3. Хувьчлагдах эд хөрөнгийн шинж чанарыг харгалзан шинжээчдийн багийн үүргийг хяналтын буюу магадлан шинжилгээний байгууллагаар гүйцэтгүүлж болно.
4. Шинжээч нь дараахь эрх, үүрэгтэй:
1/ шалгаруулалтад ирүүлсэн төслийн талаар нэмэгдэл мэдээлэл шаардан авах;
2/ сонгон шалгаруулах арга хэлбэрийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын төлөөлөгчтэй тохиролцон тодорхойлох;
/Энэ заалтад 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3/ шалгаруулалтыг мэргэжлийн өндөр түвшинд хууль тогтоомжид нийцүүлэн явуулах;
4/ үйл ажиллагааныхаа явцад хүлээн авсан бичиг баримтаас мэдсэн төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг задруулахгүй байх; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
5/ энэ хуулийн 51 дүгээр зүйлд заасан шинжээчээр оролцож болохгүй нөхцөл байдал байвал татгалзах;
6/ багт оролцсон шинжээч тусгай саналтай бол тэмдэглэлд саналынхаа үндэслэлийг бичиж татгалзах.