56 дугаар зүйл. Төрийн өмчлөлийн хувьцаа, ногдол хувийг хувьчлах, бусад этгээдийн өмчлөлд шилжүүлэх
1. Энэ хуулийн 55 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар компани болон өөрчлөгдсөн төрийн өмчит үйлдвэрийн газрын болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрд ногдох хувьцаа, ногдол хувийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр чөлөөтэй, эсхүл багцалсан хэлбэрт оруулан энэ зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар биржээр болон энэ хуулийн 38-45, 46-54, 58 дугаар зүйлд заасны дагуу биржийн гадуур арилжиж худалдана.
/Энэ хэсэгт 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2. Хувьцааг биржээр худалдахад дор дурдсан дараалал, журмыг баримтална:
1/ хувьцааг биржээр арилжаалахад төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хувьцааг олон нийтэд нээлттэй худалдах хуулийн этгээдийн хөрөнгийг үнэлэн, гаргах хувьцааны хэлбэр, тоо хэмжээ, худалдах анхны үнэ, багцлах бол түүний хэмжээ зэргийг тогтоон Хөрөнгийн биржээр дамжуулан нийтэд арилжих тухай шийдвэрийг гаргана. Мөн хувь нийлүүлсэн байгууллага дахь төрийн өмчлөлийн хувьцааг энэ хэлбэрээр арилжиж болно; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2/ хувьцааг биржээр арилжих үйл ажиллагааг Үнэт цаасны тухай хуульд заасан журмын дагуу явуулна.
3. Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн өмчлөлийн ногдол хувийг худалдахад Нөхөрлөл, компанийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тухайн хуулийн этгээдийн бусад өмчлөгчдийн / гишүүдийн/ саналыг авна.
4. Үндэсний аюулгүй байдал, стратегийн ач холбогдолтой төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрд ногдох хувьцааг худалдах талаар Засгийн газар тусгайлан журам тогтоож болно.
5.Аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт энэ хуульд заасны дагуу нээлттэй хувьцаат компани болсон төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.29-д заасан нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно. /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./
6.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1.5-д заасан улс төрд нөлөө бүхий этгээд, түүний хамаарал бүхий этгээд биржээр арилжаалах төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг эзэмшихийг хориглоно. /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./
7.Энэ хуулийн 56 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан шалгуурыг мөрдүүлэх, хяналт тавихтай холбогдсон журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална. /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./