12 дугаар зүйл. Удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирлын бүрэн эрх, хариуцлага
1.Дүрэмд өөрөөр заагаагүй бол удирдах зөвлөлийн дарга нь төрийн бус байгууллагыг гадаад, дотоодод төлөөлөх, удирдах зөвлөлийн хуралдааныг даргалах, удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах зэрэг бүрэн эрхтэй байна.
2.Гүйцэтгэх захирал дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд төрийн бус байгууллагыг төлөөлөх, өмч хөрөнгийг захиран зарцуулах;
2/хууль, гэрээнд заасан бусад бүрэн эрх.
3.Гүйцэтгэх захирлын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагын хэмжээ, хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, хөлс, урамшуулал зэрэг асуудлыг гэрээгээр зохицуулна.
4.Гүйцэтгэх захирал нь өөрийн бүрэн эрхийн хугацаа дууссан нөхцөлд шинээр гүйцэтгэх захирлыг сонгох хүртэл албан үүргээ хэвээр гүйцэтгэнэ.
5.Төрийн бус байгууллагын гишүүн, удирдах зөвлөлийн гишүүн, ажилтны хууль бус үйл ажиллагааны улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирол, түүнээс үүсэх хариуцлагыг төрийн бус байгууллага хүлээхгүй.