7 дугаар зүйл. Төсвийн тусгай шаардлагыг баримтлах
7.1.Төсвийн тусгай шаардлагыг дараахь үйл ажиллагаанд баримтална:
7.1.1.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт төсвийн тэнцлийн зорилтыг тодорхойлж тусгах;
7.1.2.дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулах, батлах;
7.1.3.нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг гаргах, тайлагнах, батлах.
7.2.Энэ хуулийн 7.1.1-д заасан төсвийн тэнцлийн зорилтыг дөрвөн жил тутамд нэг удаа өөрчлөн тогтооно.
7.3.Төсвийн төсөл боловсруулах, батлах, батлагдсан төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулахдаа дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлнэ.
7.4.Энэ хуульд зааснаас бусад тохиолдолд төсвийн тусгай шаардлагыг баримтлахгүйгээр дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулах, батлах болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэхгүйгээр төсвийн төсөл боловсруулах, батлах, батлагдсан төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.
7.5.Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, түүний нэмэлт, өөрчлөлтийг баталснаас хойш гурваас доошгүй сарын хугацаанд харгалзах тухайн жилийн төсвийн төсөл, төсвийн тодотголын төслийг өргөн мэдүүлэх, батлахыг хориглоно. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ хэсэгт 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
7.6.Гамшгийн аюулын хор уршиг, онцгой нөхцөлийн үр дагаврыг арилгах зорилгоор болон Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбоотойгоор жилийн төсөв болон төсвийн тодотгол батлах бол энэ хуулийн 7.5-д заасан хязгаарлалт хамаарахгүй. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ хэсэгт 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан /
7.7.Төсвийн тусгай шаардлагыг өөрчлөх, хэрэгжих нөхцөл, хугацаанд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхэд Улсын Их Хурлын гишүүн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8.1.20-д зааснаас бусад тохиолдолд чуулганы хуралдаанд товлосон хугацаанд заавал хүрэлцэн ирж оролцоно. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн ./
7.8.Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ болон нийт зарлагын дээд хэмжээг нэгэн зэрэг бууруулах өөрчлөлт орсонтой холбогдуулан жилийн төсөв, төсвийн тодотголын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, батлахад энэ хуулийн 7.5-д заасан хязгаарлалт хамаарахгүй. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө./