3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."төвлөрсөн ус хангамж" гэж ус олборлох, цэвэршүүлэх, дамжуулах, түгээх зориулалт бүхий шугам сүлжээ, барилга байгууламжийг ашиглан хэрэглэгчийг стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах үйл ажиллагааг;

3.1.2."төвлөрсөн бус ус хангамж" гэж гүний худгаас болон ус түгээх байрнаас усыг зөөвөрлөн түгээж, хэрэглэгчийг стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах үйл ажиллагааг;

3.1.3."ариутгах татуурга" гэж хэрэглээнээс гарсан бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах, цэвэрлэх зориулалт бүхий шугам сүлжээ, барилга байгууламж, бохир усны цооногийг;

3.1.4."ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж" гэж гүний болон гадаргын ус ашиглан ус олборлох, цэвэршүүлэх, цуглуулах шугам сүлжээ, усан сан, шахуургын станцыг;

3.1.5."шугам сүлжээ" гэж цэвэр ус дамжуулах, түгээх, хэрэглээнээс гарсан бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах байгууламжийг;

3.1.6."цэвэр ус дамжуулах шугам" гэж ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжаас ус дамжуулах төв болон удирдах зангилааны тоолуурын өмнөх хаалт хүртэлх шугам сүлжээг;

3.1.7."цэвэр ус түгээх шугам" гэж ус дамжуулах төв болон удирдах зангилааны тоолуурын өмнөх хаалтаас хэрэглэгчийн тоолуурын өмнөх хаалт хүртэлх шугам сүлжээг;

3.1.8."бохир усны гаргалгааны шугам" гэж хэрэглэгчийн сантехникийн хэрэгслээс барилгын гадна талын эхний худаг хүртэлх шугам сүлжээг;

3.1.9."бохир ус цуглуулах шугам" гэж барилгын гадна талын эхний худгаас бохир ус татан зайлуулах шугамд холбогдож байгаа худаг хүртэлх шугам сүлжээг;

3.1.10."бохир ус татан зайлуулах шугам" гэж бохир ус цуглуулах шугамд холбогдож байгаа эхний худгаас бохир ус цэвэрлэх байгууламжийн хүлээн авах сан хүртэлх шугам сүлжээг;

3.1.11."цэвэрлэх байгууламж" гэж бохир ус татан зайлуулах шугамаас бохир усыг хүлээн авч цэвэрлэх цогц байгууламжийг;

3.1.12."хамгаалалтын болон эрүүл ахуйн бүс" гэж Усны тухай хуулийн 3.1.4, 3.1.5-д заасныг;

3.1.13."хэрэглэгч" гэж цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийг;

3.1.14."хангагч" гэж цэвэр усыг олборлох, цэвэршүүлэх, дамжуулах, түгээх, хэрэглээнээс гарсан бохир усыг цуглуулах, татан зайлуулах, цэвэрлэх үйлчилгээг бүхэлд нь, эсхүл аль нэгийг нь үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг;

3.1.15."техникийн нөхцөл" гэж шинээр барих, өргөтгөх барилга байгууламжийг ус хангамжийн болон ариутгах татуургын шугам сүлжээнд холбоход тавигдах шаардлага, нөхцөлийг тусгасан техникийн баримт бичгийг;

3.1.16."цэвэр усны үйлчилгээний төлбөр" гэж усыг олборлох, цэвэршүүлэх, зөөвөрлөн түгээх үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг;

3.1.17."бохир усны үйлчилгээний төлбөр" гэж хэрэглээнээс гарсан бохир усыг цуглуулах, татан зайлуулах, цэвэрлэх үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг;

3.1.18.“тариф” гэж цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр, эсхүл эдгээрийн аль нэгийг багтаан хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг Зохицуулах хорооноос баталж нийтэлсэн үнийг; /Энэ заалтад 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.1.19.“саарал ус” гэж ямар нэгэн ялгадасгүй зөвхөн ахуйн бохир усыг; /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.1.20.“бохир ус” гэж хүн амын ахуйн болон үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанаас бий болсон, эсхүл тухайн нутаг дэвсгэрээс хурын ус зайлуулахад үүссэн шингэн хаягдлыг; /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./

3.1.21.“гадаргын ус” гэж хур тунадасны ус хөрсөнд нэвчилгүй, хөрснөөс болон барилга байгууламжийн гаднах гадаргуугаас бохирдсон ус зайлуулах суваг, эсхүл ариутгах татуургын системд шууд зайлуулагдах усыг; /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./

3.1.22.“лаг” гэж төрөл бүрийн хаягдал уснаас энгийн болон механик аргаар ялган авсан ус ба хатуу хольцын холимгийг; /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./

3.1.23.“индексжүүлэлт” гэж цэвэр, бохир усны үйл ажиллагааны зардлын үндсэн хүчин зүйлсийн бодит өөрчлөлтөөс хамааруулан тооцож зохицуулахыг. /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН ТАЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.