8 дугаар зүйл. Аймаг, сум, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх /Энэ зүйлийн гарчигт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
8.1.Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
8.1.1.хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан бодлого, шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
8.1.2.нутаг дэвсгэрийнхээ ус хангамж, ариутгах татуурга, гадаргын ус зайлуулах барилга байгууламжийг төлөвлөх талаар төсөл, хөтөлбөр боловсруулан батлуулж, хэрэгжилтийг хангах; /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
8.1.3.ус хангамж, ариутгах татуургын орон нутгийн өмчийн барилга байгууламжийн захиалагчийн үүргийг Барилгын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлэх;
8.1.4.ус хангамж, ариутгах татуургын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад тухайн чиглэлээр мэргэшсэн хүнийг хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн томилж, чөлөөлөх; /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
8.1.5.унд, ахуйн хэрэглээний усны аюулгүй байдлыг хангах, ариун цэврийн байгууламжийн стандартыг мөрдүүлэх; /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
8.1.6.тухайн нутаг дэвсгэрт цэвэр, бохир усны шугам сүлжээний хамгаалалтын зурваст баригдсан барилга байгууламж, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, эдгээр зөрчлийг гаргуулахгүй байх арга хэмжээг авах; /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
8.1.7.нүхэн жорлонгийн тоог бууруулах ажлыг зохион байгуулах; /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
8.1.8.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх. /Энэ заалтын дугаарт 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
8.2.Сумын Засаг дарга нь тухайн сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хот байгуулалтын баримт бичигтэй уялдуулан ус хангамж, ариутгах татуурга, инженерийн дэд бүтцийн шугам сүлжээг бүрдүүлж, ашиглалт, үйлчилгээг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулна. /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./
ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ХОРОО /Энэ бүлгийн гарчигт 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./