9 дугаар зүйл. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг Зохицуулах хорооны бүтэц /Энэ зүйлийн гарчигт 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.1.Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг Зохицуулах хороо /цаашид “Зохицуулах хороо” гэх/ нь тухайн нутаг дэвсгэрт усны үйлчилгээний төлбөр, ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний тарифыг тогтоох, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах чиг үүрэгтэй байна. /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.2.Зохицуулах хороо нь дарга, дараах орон тооны бус дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй байна: /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.2.1.хэрэглэгчийн төлөөлөл хоёр хүн;
9.2.2.салбарын мэргэжлийн төрийн бус байгууллагаас хоёр хүн.
9.3.Зохицуулах хорооны дарга, гишүүнийг хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний санал болгосноор Ерөнхий сайд томилно. /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.4.Зохицуулах хорооны дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа 6 жил байх бөгөөд Зохицуулах хорооны гишүүдийн анхны томилгоог 2, 4, 6 жилээр хийж, цаашид 6 жилийн хугацаагаар томилох бөгөөд томилолтын хугацааг нэг удаа сунгаж болно. /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.5.Зохицуулах хорооны дарга, гишүүнээр ус, дулаан хангамж, ариутгах татуургын инженер, хот төлөвлөлтийн эдийн засагч, барилгын эдийн засагч мэргэжлийн аль нэгийг эзэмшсэн, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан Монгол Улсын иргэнийг томилно. /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.6.Зохицуулах хорооны дарга, гишүүн нь хот, суурины ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдтэй нэгдмэл сонирхолтой байж болохгүй. /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.7.Зохицуулах хороо ажлын албатай байна. /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.8.Зохицуулах хороо энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчид үзүүлсэн зохицуулалтын болон үнэ, тарифыг хянан баталгаажуулах үйлчилгээний хураамж, сургалт, судалгаа, мэдээллийн орлого зэргээс санхүүжинэ. /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.9.Зохицуулах хорооны ажиллах дотоод журмыг Зохицуулах хорооны дарга батална. /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.10.Зохицуулах хороо жил бүр тухайн жилийн үйл ажиллагааны төсвөө баталж, ажлын тайлан, төсвийн гүйцэтгэлийг ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчид тайлагнана. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
9.11.Зохицуулах хороо нь санхүүгийн тайлангаа жил бүр аудитаар баталгаажуулж, нийтэд мэдээлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.12.Дор дурдсан тохиолдолд Зохицуулах хорооны дарга, гишүүний бүрэн эрх энэ хуулийн 9.4-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болно: /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.12.1.нас барсан;
9.12.2.чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргасан;
9.12.3.өөрийнх нь зөвшөөрснөөр өөр ажилд томилсон буюу сонгогдсон;
9.12.4.нэг жилээс дээш хугацааны сургалтад хамрагдсан болон биеийн эрүүл мэндийн байдлын улмаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон;
9.12.5.гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон;
9.12.6.хуульд заасан тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн;
9.12.7.хуульд заасан бусад үндэслэлээр.
9.13.Зохицуулах хороо нь бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх асуудлыг хорооны хурлаар хэлэлцэх бөгөөд Зохицуулах хорооны хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байна. /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.14.Зохицуулах хорооны шийдвэрийг тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч дагаж мөрдөнө. /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.15.Зохицуулах хороонд хот, суурины ус хангамж, ариутгах татуургын улсын байцаагч ажиллана. Улсын байцаагчийн эрхийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.5-т заасны дагуу олгоно. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./