6 дугаар зүйл. Хувиргасан амьд организмыг улсын хилээр нэвтрүүлэх
6.1.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.17-д заасан Хувиргасан амьд организмыг экспортлох, импортлох, дамжин өнгөрүүлэх зөвшөөрлийг Үндэсний хорооны дүгнэлтийг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгох бөгөөд уг зөвшөөрлийг бусдад шилжүүлэхийг хориглоно. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
6.2.Зөвшөөрлийн загварыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
6.3.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь хувиргасан амьд организмыг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл авах хүсэлтээ байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын12ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
6.4.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зөвшөөрөл авах хүсэлтдээ дараахь баримт бичгийг хавсаргана:
6.4.1.импортлогч талын мэдэгдэл буюу хувиргасан амьд организмд импортлогч болон экспортлогч орны Засгийн газраас эрх олгогдсон итгэмжлэгдсэн эрдэм шинжилгээний байгууллагаар эрсдлийн үнэлгээ хийлгэсэн тухай дүгнэлт;
6.4.2.хувиргасан амьд организмын онцлог шинжийн талаархи танилцуулга, үржиж чадахуйц нөхцөлийн тодорхойлолт;
6.4.3.хувиргасан амьд организмд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн ажлын тайлан;
6.4.4.хувиргасан амьд организмтай харьцах үеийн аюулгүй ажиллагааны дүрэм, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зөвлөмж, заавар;
6.4.5.иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар, аж ахуйн нэгж, байгууллага бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар.
/Энэ заалтад 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.5.Энэ хуулийн 6.1-д заасан зөвшөөрлийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Зөвшөөрлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан журмын дагуу Үндэсний хорооны дүгнэлтийг үндэслэн 30 хоногийн дотор шийдвэр гаргана. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
6.6.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь үндэслэлээр зөвшөөрлийг хүчингүй болгоно:
6.6.1.энэ хуулийн 6.4-д заасан баримт бичгийг хуурамчаар үйлдсэн;
6.6.2.зөвшөөрлийн үндсэн дээр хилээр нэвтрүүлж буй хувиргасан амьд организм аюултай нь тогтоогдсон.
6.7.Хувиргасан амьд организмтай харьцах үеийн аюулгүй ажиллагааны дүрэм, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зөвлөмж, зааврыг онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
6.8.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь өөрт байгаа, эсхүл нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглан олж авах, солилцох боломжтой энэ хуулийн 6.4-т заасан баримт бичгийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас шаардахгүй. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын12ны өдрийн хуулиар нэмсэн./