31 дугаар зүйл. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд аж ахуйн нэгж, байгууллага, иргэний оролцоо, эрх, үүрэг

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

31 дугаар зүйл. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд аж ахуйн нэгж, байгууллага, иргэний оролцоо, эрх, үүрэг

31.1.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд оролцогч иргэн энэ хуульд зааснаас гадна дараах эрх, үүрэгтэй байна:

31.1.1.хөдөлмөр эрхлэлтийн үйл ажиллагаанд хамрагдах хүсэлтээ сум, хорооны хөдөлмөр эрхлэлтийн ажилтан, аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, хөдөлмөрийн биржид гаргаж бүртгүүлэх, бүртгүүлсний дараа аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, ажилтан, хөдөлмөрийн биржтэй холбогдох журмын дагуу идэвхтэй харилцаж, хамтран ажиллах;

31.1.2.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас энэ хуульд заасны дагуу олгосон хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулж, үр дүнгийн болон санхүүгийн тайланг сум, хорооны хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан ажилтан, аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагад заасан хугацаанд ирүүлэх;

31.1.3.аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллага болон хөдөлмөрийн биржээс санал болгосон ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, арга хэмжээнээс сонголт хийх.

31.2.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд оролцогч аж ахуйн нэгж, байгууллага нь энэ хуульд зааснаас гадна дараах үүрэгтэй байна:

31.2.1.ажил олгогч нь нийт болон сул чөлөөтэй ажлын байр, шинээр бий болсон болон байхгүй болсон ажлын байрны талаарх мэдээллийг энэ хуулийн 20.7-д заасан маягтын дагуу тогтоосон хугацаанд, ажиллагчдынхаа ур чадварыг хөгжүүлэх сургалтын хэрэгцээг тухай бүр аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагад ирүүлэх;

/Энэ заалтад 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

31.2.2.Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасан нөхцөлөөр ажилтнуудыг бөөнөөр халах, цомхотгох тохиолдолд энэ тухайгаа харьяалах аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагад нэг сараас доошгүй хугацааны өмнө мэдэгдэх; /Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ заалтад 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

31.2.3.сул чөлөөтэй ажлын байранд аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллага, хөдөлмөрийн биржээс санал болгосон иргэнийг ажилд авсан бол шийдвэр гарснаас хойш ажлын 5 өдрийн дотор тухайн байгууллагад эргэж мэдэгдэх;

/Энэ заалтад 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

31.2.4.хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай тайлан, мэдээг аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагад улирал тутам гаргаж ирүүлэх;

/Энэ заалтад 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ заалтад 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

31.2.5.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгосон хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулж, үр дүнгийн болон санхүүгийн тайланг сум, хорооны хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан ажилтан, аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагад тогтоосон хугацаанд ирүүлэх;

/Энэ заалтад 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

31.2.6.хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

31.3.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллага болон хөдөлмөрийн биржээс санал болгосон иргэнийг ажлын байрны шаардлагад нийцүүлэн сонгож ажилд авах, хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, арга хэмжээнд өөрийн сонголтын дагуу оролцох эрхтэй.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

31.4.Хөдөлмөрийн насанд хүрээд асрамжийн газраас гарсан болон хорих ангиас суллагдсан иргэний талаарх мэдээллийг холбогдох байгууллагаас тухай бүр харьяалах аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагад мэдэгдэж, уг байгууллага иргэний хүсэлтийн дагуу бүртгэж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд хамруулна.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.