11 дугаар зүйл. Биржийн арилжаанд оролцогчийн эрх, үүрэг
11.1.Биржийн арилжаанд оролцогч нь дараах нийтлэг эрх, үүрэгтэй:
11.1.1.биржийн арилжааг ил тод, шударгаар явуулах;
11.1.2.стандартын /бэлтгэх, хадгалах, тээвэрлэх, баглаа боодлын/ дагуу бэлтгэн сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасгийн мэдээллийн санд бүртгүүлж, мал эмнэлгийн болон лабораторийн магадлан шинжилгээний гэрчилгээ авсан бараа, түүхий эдийг арилжих;
/Энэ заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
11.1.3.бараа, түүхий эдийн чанар, тоо хэмжээг биржид үнэн зөв мэдээлэх, бүртгүүлэх;
11.1.4.энэ хуулийн 11.1.3-т заасныг зөрчсөнөөс худалдан авагчид учирсан хохирлыг тухайн арилжаанд оролцогч хариуцан барагдуулах;
11.1.5.биржийн арилжааны мэдээллийг ашиглах;
11.1.6.биржийн дүрэмд заасан бусад эрх, үүрэг.
11.2.Биржийн байнгын гишүүн оролцогч нь энэ хуулийн 11.1-д зааснаас гадна дараах эрх, үүрэгтэй:
11.2.1.суудлын эрх авах;
11.2.2.энэ хуулийн 7.1.1-7.1.4-т заасан гэрээ байгуулсны үндсэн дээр биржийн арилжаанд тогтмол оролцох;
11.2.3.бараа, түүхий эдийг хүлээн авах, хадгалах, бэлтгэх зориулалтын итгэмжлэгдсэн агуулахтай байх, эсхүл итгэмжлэгдсэн агуулах бүхий этгээдтэй гэрээ байгуулсан байх;
11.2.4.биржийн арилжааны сүлжээнд холбогдсон байх;
11.2.5.эрх бүхий байгууллагаас зуучлагч /брокер/-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан байх;
11.2.6.итгэмжлэгдсэн лаборатори, тээврийн байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулсан байх.