19 дугаар зүйл. Үйлчилгээ үзүүлэгч
19.1.Үйлчилгээ үзүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчтэй харилцаж, хөрөнгөтэй холбоотой төлбөрийг цуглуулан тусгай зориулалтын компанид шилжүүлэх, бүртгэх, тайлагнах болон үйлчилгээ үзүүлэх гэрээнд заасан хөрөнгөтэй холбоотой бусад үйлчилгээ, үйл ажиллагаа эрхлэхээр тусгай зориулалтын компанитай гэрээ байгуулсан хуулийн этгээд байна.
19.2.Үйлчилгээ үзүүлэгч нь үйлчилгээ үзүүлэх гэрээний нөхцөл болон тусгай зориулалтын компани, эсхүл түүний төлөөлөгчөөс түүнд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр өгсөн зааварчилгаанд дурдсан нөхцөлийн дагуу үйл ажиллагаа явуулна. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
19.3.Үйлчилгээ үзүүлэгч нь хөрөнгөөс олох орлогыг баталгаат үнэт цаасны хөрөнгийн багц тус бүрээр, багцын тодорхой хэсгээр тусдаа дансанд хуримтлуулна.
19.4.Үйлчилгээ үзүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол тусгай зориулалтын компани нь гэрээг цуцалж, шинэ үйлчилгээ үзүүлэгчтэй гэрээ байгуулах эрхтэй.
19.5.Үйлчилгээ үзүүлэх гэрээг цуцалсан тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч нь тусгай зориулалтын компанийн сонгож, гэрээ байгуулсан үйлчилгээ үзүүлэгчид дараахь зүйлийг үнэ төлбөргүй шилжүүлнэ:
19.5.1.хөрөнгөтэй холбоотой мөнгөн хөрөнгө;
19.5.2.нягтлан бодох бүртгэлийн баримт, санхүүгийн тайлан зэрэг бүх материалын эх хувийг цахим хувийн хамт.
19.6.Хуульд өөрөөр заагаагүй бол үйлчилгээ үзүүлэгч нь гэрээнд заасан үүргээ энэ хуулийн 19.4-т заасан шинэ үйлчилгээ үзүүлэгчтэй байгуулсан гэрээ хүчин төгөлдөр болох хүртэл хэрэгжүүлнэ.
19.7.Гэрээнд заасан бол үйлчилгээ үзүүлэгчид үйлчилгээний хөлс төлнө.
19.8.Анхны үүрэг гүйцэтгүүлэгч, үүсгэн байгуулагч, худалдагч нь үйлчилгээ үзүүлэгчийн үүргийг гүйцэтгэж болно.
19.9.Үйлчилгээ үзүүлэгч нь бусдад санаатай буюу болгоомжгүй үйлдлийн улмаас учруулсан хохирлыг хариуцна.
19.10.Хороо нь үйлчилгээ үзүүлэгчид тавих мэргэшлийн шаардлага, хариуцлага, түүний өөрийн хөрөнгийн доод хэмжээ болон бусад шалгуурыг тогтооно.