21 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл авах

ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

21 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл авах

21.1.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 14.3, 14.4, 14.5, 14.6, 14.7, 14.8, 14.9, 14.10, 14.11, 14.12, 14.13, 14.14, 14.15, 14.16, 14.17, 14.18, 14.19, 14.20, 14.21, 14.22 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрөл авахад стандартаар тогтоосон үйл ажиллагааны төрөл, суурь үзүүлэлтийг баримтална. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

21.2.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 14.23, 14.24, 14.25, 14.26, 14.27, 14.28, 14.29, 14.30, 14.31, 14.32, 14.33, 14.34 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөл авахад эрхлэх үйл ажиллагааны төрөлтэй уялдуулан өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

21.2.1.техник, эдийн засгийн үндэслэл;

21.2.2.эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах эрчим хүчний нөөцийн судалгаа;

21.2.3.үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах эрчим хүчний төрөл, хэмжээ, чанарын үзүүлэлт;

21.2.4.үйл ажиллагаандаа ашиглах тоног төхөөрөмжийн үндсэн үзүүлэлт;

21.2.5.үйлчлэх хүрээ, эзэмшлийн зааг, эрчим хүчний үйлдвэрлэл, хангамж, хэрэглээний тэнцэл;

21.2.6.байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ;

21.2.7.байгаль орчныг хамгаалах арга хэмжээний төлөвлөгөө;

21.2.8.тухайн хуулийн этгээдийн санхүү, хөрөнгийн нөөц, эдийн засгийн чадавхи;

21.2.9.үйл ажиллагаагаа эхлэх хугацаа, хөрөнгө оруулалтын хэмжээ, санхүүжүүлэх эх үүсвэр;

21.2.10.мэргэжлийн боловсон хүчин, тэдгээрийн дадлага, туршлага.

21.3.Энэ хуулийн дагуу тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь шаардлагатай гэж үзвэл өргөдөл, түүнд хавсаргасан баримтын талаар дүгнэлт гаргуулахаар хөндлөнгийн шинжээч томилж болно.

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

21.4.Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авах, тусгай зөвшөөрөл олгох эсэхийг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан журмын дагуу шийдвэрлэнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

21.5.Энэ хуулийн 21.4-т заасан хугацаанд баримт бичгийг нөхөн бүрдүүлж ирүүлээгүй бол өргөдөл гаргаагүйд тооцно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

21.6.Зөвшөөрөл олгосон шийдвэр буюу олгохоос татгалзсан тухай үндэслэлийг нийтэлнэ.

21.7.Тусгай зөвшөөрлийг санхүүгийн чадавхитай, тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан буюу явуулах боломжтой энэ хуулийн 9.1.3-т заасан нөхцөл, шаардлага хангасан хуулийн этгээдэд олгоно.

/Энэ хэсэгт 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

21.8.Нэг үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахаар хэд хэдэн сонирхогч хуулийн этгээд өргөдөл гаргасан бол сонгон шалгаруулах замаар олгоно.

21.9.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 14.3, 14.4, 14.5, 14.6, 14.7, 14.8, 14.9, 14.10, 14.11, 14.12, 14.13, 14.14, 14.15, 14.16, 14.17, 14.18, 14.19, 14.20, 14.21, 14.22 дахь хэсэгт заасан үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг сонирхогч хуулийн этгээд цахим системээр ирүүлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.