26 дугаар зүйл. Тариф тогтоох зарчим
26.1.Тарифыг эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх болон хангах үйл ажиллагаа тус бүрээр тогтооно.
/Энэ хэсгийг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
26.2.Тариф тогтоохдоо дараахь зарчмыг баримтална:
26.2.1.үйл ажиллагааны бодит өртөг, зардалд тулгуурлах;
26.2.2.цахилгаан, дулааны хангалтад хэрэглэгчдээс тавих шаардлагатай уялдуулан хэрэглэгчийн ангилал тус бүрээр өртөг, зардлыг хуваарилах;
/Энэ заалтад 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
26.2.3.эрчим хүчний хэрэглээг зохицуулах боломжтой байх;
26.2.4.үнийг инфляцтай уялдуулан тооцох;
/Энэ заалтыг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
26.2.5.тусгай зөвшөөрөл эзэмшигчийн орлого нь түүний санхүүгийн чадавхи хэвийн байлгахуйц хэмжээнд байх;
26.2.6.эрчим хүчний тарифын бүтэц хэрэглэгчид ойлгомжтой, энгийн байх;
/Энэ заалтад 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
26.2.7.эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах, үйл ажиллагаанд техник, технологийн найдвартай ажиллагааны шаардлагад нийцүүлэн хамгийн бага өртгийн зарчмыг мөрдөх;
/Энэ заалтад 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
26.2.8.тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа явуулахад шаардагдах зардал болон оруулсан хөрөнгийн өгөөжийг тооцсон ашгийн зохих түвшинг хангасан байх.
/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
26.3.Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тооцож гаргасан өртөг, зардлын үндэслэл, үнэн зөв байдалд Зохицуулах хороо үнэлгээ өгөх үүрэгтэй бөгөөд шаардлага хангахгүй тохиолдолд дахин боловсруулахаар буцаана. Зохицуулах хороо нь өөрийн санал, тооцоогоор тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өмнөөс үнэлгээ, тооцоог нөхөж гүйцэтгэхгүй.
/Энэ хэсэгт 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
26.4.Зохицуулах хороо нь тарифыг тодорхойлох аргачлал болон тарифын саналыг хянах, шалгах журмыг гаргана.
/Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/