27 дугаар зүйл. Тариф, гэрээний үнэ

ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

27 дугаар зүйл. Тариф, гэрээний үнэ

27.1.Зохицуулах хороо, аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл нь хангагчаас үзүүлж байгаа үйлчилгээний нөхцөл, үнийг жил бүр, тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан тохиолдол бүрд хянана.

/Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

27.2. Хэрэглэгч нь зохицуулалттай хангалтын төлбөрийг нийтлэгдсэн тарифаар, зохицуулалтгүй хангалтын төлбөрийг гэрээний үнээр төлнө.

27.3.Зохицуулах хороо нь зохицуулалтгүй хангалтаар үйлчлүүлж болох хэрэглэгчийг тэдгээрийн цахилгаан, дулааны хэрэглээг үндэслэн тогтооно. Эдгээр хэрэглэгч нь зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангалтын алинаар үйлчлүүлэхээ сонгох эрхтэй.

/Энэ хэсэгт 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

27.4.Зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тариф өөрчлөх саналаа зардлын бүтцийн зүйлчилсэн жагсаалтын хамт Зохицуулах хороонд өгнө.

/Энэ хэсэгт 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

27.5.Зохицуулах хороо нь эрчим хүчний тарифт орох өөрчлөлтийн талаар түүнийг мөрдөж эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө хэрэглэгчид мэдэгдэх буюу хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ.

/Энэ хэсэгт 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

27.6.Тариф болон гэрээний үнэ нь эрчим хүчний хангамжийн дараахь үзүүлэлт болон бусад хүчин зүйлээс хамааран тодорхой бүлэг хэрэглэгчийн хувьд ялгаатай байж болно:

27.6.1.захиалсан дээд чадал, гэрээнд заасан хэрэглээ;

27.6.2.ачааллын горим;

27.6.3.хэрэглэгчийн ачааллаа зохицуулах чадвар буюу эрчим хүчний тасалдлыг хүлээн зөвшөөрөх боломж;

27.6.4.хангагчийн харьяалах нутаг дэвсгэр;

27.6.5.гэрээний хугацаа;

27.6.6.бусад хүчин зүйлс.

27.7.Цахилгаан, дулааныг үйлдвэрлэхэд ашиглагдах түлшний хангамжийн хэмжээ, үнийг урт хугацааны тогтвортой гэрээгээр зохицуулж болно.

/Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/

27.8.Метан хийн үнэ тарифыг шингэн, шахсан, хийн төлөв байдал бүрээр хэрэглээний зориулалт, хангамжийн бүтцийг харгалзан тогтооно.

/Энэ хэсгийг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

ХАНГАГЧ, ХЭРЭГЛЭГЧИЙН ХАРИЛЦАА

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.