28 дугаар зүйл. Эрчим хүчээр хангах гэрээ
28.1.Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна.
/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
28.2.Иргэнтэй байгуулах эрчим хүчээр хангах гэрээнд хэрэглэх эрчим хүчний хэмжээ, чанар, төлбөр, тооцооны журам, гэрээ байгуулагч талуудын эрх, үүрэг, хариуцлага тооцох журам, эрчим хүчний шугам сүлжээний эзэмшлийн зааг, шаардлагатай бусад асуудлыг тусгана.
/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсэгт 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
28.3.Хуулийн этгээдтэй байгуулах эрчим хүчээр хангах гэрээнд энэ хуулийн 28.2-т зааснаас гадна эрчим хүчний хэрэглээний горим, сар бүрийн хуваарь, хэрэглэгч хуулийн этгээдийн харилцах данснаас төлбөрийг банкны байгууллагаар шууд хийлгэх нөхцөл, төлбөрийн барьцаа болон шаардлагатай бусад асуудлыг тусгана.
28.4.Эрчим хүчээр хангагч нь хэрэглэгчийн төлбөрийн чадварын талаар харилцагч банкны байгууллагаас гаргасан баталгааг үндэслэн эрчим хүчээр хангах гэрээг байгуулж болно.
28.5.Хэрэглэгч энэ хуулийн 27.5-д заасны дагуу мэдэгдсэнээс хойш 15 хоногийн дотор хангагчтай байгуулсан гэрээндээ зохих өөрчлөлт оруулах бөгөөд гэрээндээ өөрчлөлт оруулаагүй нь энэхүү өөрчлөлтийг мөрдөхөөс татгалзах үндэслэл болохгүй.