28 дугаар зүйл. Ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах
28.1.Ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 2-оос доошгүй жилийн өмнө түүнийг эзэмшигч нь төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу хугацаа сунгуулах тухай өргөдөл гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:
28.1.1.ашиглалтын тусгай зөвшөөрлийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;
/Энэ заалтыг 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
28.1.2.үйлчилгээний хөлс болон тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн баримт;
28.1.3.байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний биелэлтийг энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу хянасан тухай баримт.
28.2.Төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 28.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигч уг зөвшөөрөл эзэмших эрхийг хадгалах нөхцөлийг хангасан эсэхийг хянаж зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 27.1.7-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэж өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэнэ.
/Энэ хэсэгт 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
28.3.Төрийн захиргааны байгууллага ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан тухай шийдвэрийг түүнийг гарснаас хойш ажлын 7 өдөрт багтаан энэ хуулийн 26.7-д заасан байгууллагуудад мэдэгдэж, өдөр тутмын сонинд нийтэлнэ.