48 дугаар зүйл. Мэдээ, тайлан гаргах

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

48 дугаар зүйл. Мэдээ, тайлан гаргах

48.1.Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь мэдээ, тайлан, төлөвлөгөөг дор дурдсан хугацаанд үнэн зөв гаргаж төрийн захиргааны байгууллага болон татварын албанд хүргүүлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

48.1.1.хайгуулын ажлын төлөвлөгөөг хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон өдрөөс хойш 30 хоногийн, дараагийн жилүүдэд тухайн оны төлөвлөгөөг 04 дүгээр сарын 15-ны дотор;

/Энэ заалтад 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

48.1.2.хайгуулын ажлын жилийн тайланг төрийн захиргааны байгууллагаас баталсан зааврын дагуу гаргаж, дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор;

/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

48.1.3.энэ хуулийн 44 дүгээр зүйлд заасан аюулгүй ажиллагааны талаархи мэдээг жил бүрийн 1 дүгээр сарын 20-ны өдрийн дотор.

48.2.Энэ хуулийн 48.1.2-т заасан тайланд тухайн талбайд хийгдсэн тойм судалгаа, геофизик, геохими, өрөмдлөг болон бусад бүх төрлийн ажлын тоо хэмжээ, өртөг, зардал, ажиллах хүчтэй холбогдсон мэдээ, түүнчлэн хайгуулын ажлын үр дүн, тухайн талбайд хийгдсэн ажлын зургийг хавсаргах бөгөөд түүнийг улсын геодезийн зураглалын тулгуур сүлжээтэй холбосон байна.

48.3.Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журам, ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилалд нийцүүлэн боловсруулж, шинжээчийн дүгнэлт гаргуулан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө.

/Энэ хэсгийг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

48.4.Төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 48.3-т заасан тайлан, 48.6.1-д заасан техник-эдийн засгийн үндэслэлд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс мэргэшсэн мэргэжилтнийг шинжээчээр 30 хоногт багтаан томилуулж, 90 хоногт багтаан хэлэлцүүлж дүгнэлт гаргуулсны үндсэн дээр уг нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх, хүлээн авах, тайлан, техник, эдийн засгийн үндэслэлийг анхдагч материалын хамт мэдээллийн санд бүртгэх тухай шийдвэр гаргана.

/Энэ хэсгийг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

48.5.Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчээс дутуу ирүүлсэн мэдээ, тайланг шаардах эрхтэй.

48.6.Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь мэдээ, тайланг дор дурдсан хугацаанд төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ:

48.6.1.тухайн ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг эрх бүхий байгууллагаар хийлгэж ашиглалтын тусгай зөвшөөрөл авснаас хойш нэг жилийн дотор;

/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

48.6.2.дараа жилийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд, уулын ажлын төлөвлөгөөг батлагдсан зааврын дагуу 12 дугаар сарын 01-ний дотор;

/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

48.6.3.ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд нөөцийн зэрэглэлийг ахиулах ашиглалтын хайгуулыг тухай бүр хийж, ажлын төлөвлөгөө, тухайн жилийн болон хайгуулын ажлын үр дүнгийн тайланг энэ хуулийн 48.1.2-т заасны дагуу.

/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

48.7.Энэ хуулийн 48.6.3-т заасан тайланд дараахь зүйлийг тусгана:

48.7.1.ажилласан өдөр, ажиллагсдын тоо, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өмчлөлтэй холбоотой гэрээ, хэлцэл;

48.7.2.уулын ажлын төлөвлөгөөний гүйцэтгэл, нөөцийн хөдөлгөөний тооцоо, уурхай ажилласан хугацаа, үйлдвэрлэлийн дамжлагын схем, өргөтгөл, шинэтгэлийн ажил;

48.7.3.олборлосон хүдэр, үйлдвэрлэсэн, ачуулсан, борлуулсан бүтээгдэхүүний тоо хэмжээ, борлуулсан үнэ, түүнийг худалдан авагчийн тухай мэдээлэл, тухайн жилд оруулсан хөрөнгө оруулалт, ашиглалтын зардал, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлсөн болон ашиглаж байгаа тоног төхөөрөмж, бусад хөрөнгийн тухай мэдээ;

48.7.4.энэ хуулийн 44 дүгээр зүйлд заасан аюулгүй ажиллагааны талаархи мэдээ.

48.8.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 38, 39 дүгээр зүйлд заасны дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлт болон тайланг холбогдох байгууллагад хүргүүлнэ.

/Энэ хэсэгт 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

48.9.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 48.7.3-т заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг татварын албанаас баталсан маягтын дагуу улирал тутам өссөн дүнгээр гаргаж дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн дотор татварын албанд тус тус тушаана.

48.10.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн жилд борлуулсан бүтээгдэхүүний тоо хэмжээ, улсын болон орон нутгийн төсөвт төлсөн албан татвар, төлбөрийн хэмжээг дараа оны 1 дүгээр улиралд багтаан нийтэд мэдээлнэ.

48.11.Энэ хуулийн 48.6.2, 48.6.3-т заасан маягтыг төрийн захиргааны байгууллагын дарга батална.

48.12.Энэ хуулийн 48.3-т заасан хайгуулын үр дүнгийн тайлан болон 48.6.1-д заасан техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, тэдгээрт хийх хөндлөнгийн дүгнэлт гаргах үйл ажиллагааг мэргэшсэн мэргэжилтэн, эрх бүхий хуулийн этгээд гүйцэтгэнэ.

/Энэ хэсгийг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/

48.13.Үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч дараа жилийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд ажлын төлөвлөгөөг энэ хуулийн 48.6.2-т, тухайн жилийн ажлын тайланг 48.1.2-т заасан хугацаанд геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.

/Энэ хэсгийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/

48.14.Үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 473дугаар зүйлд заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг энэ хуулийн 48.9-т заасны дагуу татварын албанд тушааж 48.10-т заасны дагуу холбогдох мэдээллийг нийтэд мэдээлнэ.

/Энэ хэсгийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/

Тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, барьцаалах

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.