49 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг шилжүүлэх
49.1.Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Иргэний хууль, Компанийн тухай, Нөхөрлөлийн тухай хуульд заасны дагуу нэгдэх, нийлэх хэлбэрээр өөрчлөн байгуулагдсан тохиолдолд шинээр бий болсон эрх хүлээн авагчид, түүнчлэн хараат, охин компани нь толгой компанидаа тусгай зөвшөөрлийг шилжүүлж болно.
49.2.Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрэл, хайгуулын талаархи анхдагч материал, тайлан зэрэг мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болно.
49.3.Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайг техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, баримт бичгийн хамт холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болно.
49.4.Энэ хуулийн 49.1-49.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг шилжүүлэн өгч байгаа тал нь ийнхүү шилжүүлэх тухай өргөдлийг батлагдсан маягтын дагуу үйлдэж түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:
49.4.1.шилжүүлж байгаа тусгай зөвшөөрөл;
49.4.2.тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч байгаа этгээд нь энэ хуулийн 7.1-д заасан шаардлагыг хангаж буйг нотлох баримт бичиг;
49.4.3.тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг хүлээн зөвшөөрч буйг нотлох баримт бичиг;
49.4.4.ашиглалтын тусгай зөвшөөрөл шилжүүлж байгаа бол тухайн талбайн олборлолт явуулсан хэсэгт нөхөн сэргээлт хийсэн тухай байгаль орчны хяналтын албаны тодорхойлолт;
49.4.5.байгаль орчныг нөхөн сэргээхэд шаардагдах зардлыг энэ хуулийн 38.1.8, 39.1.9-д заасан дансанд төвлөрүүлсэн тухай санхүүгийн баримт;
49.4.6.хайгуулын ажлын төлөвлөгөө, тайланг төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн тухай баримт;
49.4.7.үйлчилгээний хөлс төлсөн баримт.
49.4.8.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.8, 30.6 дахь хэсэгт заасан аргачлалын дагуу тооцсон үнэ, тайлбар, танилцуулга.
/Энэ заалтыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтад 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
49.5.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 49.4-т заасан өргөдлийг хүлээн авмагц бүртгэж дараахь зүйлийг тодруулна:
49.5.1.өргөдөл нь энэ зүйлд заасан шаардлагыг хангасан эсэх;
49.5.2.шилжүүлэх тусгай зөвшөөрөл нь хүчин төгөлдөр байгаа эсэх;
49.5.3.тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч байгаа этгээд энэ хуулийн 7.1-д заасан шаардлагыг хангасан эсэх;
49.5.4.тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлж байсан эсэх;
49.5.5.хайгуулын ажилд энэ хуулийн 33 дугаар зүйлд заасан доод хэмжээнээс багагүй зардал гаргасан эсэх.
49.6.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 49.5-д заасан ажиллагааг өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 5 өдөрт багтаан гүйцэтгэж дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:
49.6.1.хуульд харшлах шалтгаангүй бөгөөд холбогдох татварыг төлсөн тухай татварын алба тодорхойлолт гаргасан бол тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэж уг тусгай зөвшөөрөлд зохих тэмдэглэгээ хийх;
/Энэ заалтыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
49.6.2.өргөдөл нь энэ зүйлд заасан шаардлагыг хангаагүй бол нэмэлт мэдээлэл ирүүлэхийг өргөдөл гаргасан этгээдээс шаардах;
49.6.3.тусгай зөвшөөрөл шилжүүлэн авч байгаа тал уг тусгай зөвшөөрлийг эзэмших эрхгүй, эсхүл шилжүүлэх тусгай зөвшөөрөл нь хүчин төгөлдөр бус бол өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох баримт бичгийг буцааж хариу мэдэгдэх.
49.7.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Иргэний хууль, Компанийн тухай, Нөхөрлөлийн тухай хуульд заасны дагуу хуваагдах, тусгаарлагдах замаар өөрчлөн байгуулагдсан тохиолдолд уг тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны байгууллагад буцааж өгөх бөгөөд тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 10.1.2-т заасан сонгон шалгаруулах журмын дагуу шийдвэрлэнэ.
49.8.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 49.7-д зааснаар өөрчлөн байгуулагдсан боловч энэ хуулийн 7.1-д заасан шаардлагыг хадгалсан бол уг тусгай зөвшөөрлийг дахин авах давуу эрх эдэлнэ.
49.9.Тусгай зөвшөөрөл шилжүүлэн авсан этгээдийн энэ хуулийн 32.2, 32.3, 33.1-д заасан төлбөр, зардлыг тодорхойлохдоо урьд ногдуулж ирснийг үргэлжлүүлэн тооцож тусгай зөвшөөрөл шилжүүлсний дараагийн жилээс эхлэн тогтооно.
49.10.Тусгай зөвшөөрөлтэй холбогдсон маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа бол шүүхийн шийдвэр гарах хүртэл тухайн тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хориглоно.
49.11.Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэсэн талаар татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэж, өдөр тутмын сонинд нийтэлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
49.12.Татварын ерөнхий хуулийн 6.1.48-д заасан эцсийн эзэмшигч өөрчлөгдсөн тохиолдолд ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд энэ хуулийн 49.4.8-д заасан баримт бичгийг Татварын ерөнхий хуулийн 26.10, 26.11, 26.12-д заасны дагуу харьяа татварын албанд мэдэгдэнэ.
/Энэ хэсгийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсгийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
49.13.Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан этгээдийн газар ашиглах эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ.
/Энэ хэсгийг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./