50 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг шилжүүлэх

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

50 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг шилжүүлэх

50.1.Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг энэ хуулийн 49 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу тусгай зөвшөөрөл эзэмших эрх бүхий бусад этгээдэд шилжүүлж болох бөгөөд шилжүүлсэн болон үлдэх талбайн хэмжээ, хэлбэр, байршил нь мөн хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан байна.

50.2.Талбайн тодорхой хэсгийг энэ хуулийн 50.1-д заасны дагуу шилжүүлснийг мөн хуулийн 49.6.1-д заасны дагуу төрийн захиргааны байгууллагад бүртгүүлнэ.

50.3.Талбайн тодорхой хэсгийг шилжүүлснийг бүртгүүлэх тухай өргөдөлд шилжүүлэх талбайн байршлын талаар энэ хуулийн 17, 24 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан мэдээллийг тусгах бөгөөд үйлчилгээний хөлс төлсөн баримтыг хавсаргана.

50.4.Төрийн захиргааны байгууллага нь шилжүүлж байгаа талбай түүнийг шилжүүлэн өгч байгаа этгээдийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд бүрэн хамрагдаж байгаа эсэхийг нягтлан хянана.

50.5.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 50.2-т заасан бүртгэлийг дараахь журмаар гүйцэтгэнэ:

50.5.1.шилжүүлсэн болон үлдэж байгаа талбайн байршил, булангийн цэгийн солбицлуудыг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд тус тус бүртгэх;

50.5.2.талбайг шилжүүлэн өгч байгаа этгээдийн тусгай зөвшөөрөлд шилжүүлсэн талбайн хэмжээ, түүнтэй холбогдолтой бусад тэмдэглэл хийх;

50.5.3.талбайн тодорхой хэсгийг шилжүүлэн авч байгаа этгээдэд тухайн талбайн хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох.

50.6.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 50.5-д заасны дагуу бүртгэл хийсэн тухайгаа мөн хуулийн 49.11-д заасан байгууллагуудад мэдэгдэж, өдөр тутмын сонинд нийтэлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.