51 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг барьцаалах
51.1.Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулахад шаардагдах санхүүжилт олох, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхийн тулд тусгай зөвшөөрлийг эрэл, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник, эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичиг болон хууль тогтоомжоор барьцаалахыг хориглоогүй эд хөрөнгийн хамтаар банк, банк бус санхүүгийн байгууллагад, эсхүл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн татварын өрийг хураах зорилгоор татварын албанд барьцаалж болох бөгөөд тусгай зөвшөөрөл нь дангаараа барьцааны зүйл болохгүй.
/Энэ хэсэгт 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./
51.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч барьцааны гэрээний нэг хувийг өргөдөл, тусгай зөвшөөрлийн хамт төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
51.3.Тусгай зөвшөөрлийг барьцаалсан гэрээ энэ хуульд заасан шаардлагыг хангаж байвал төрийн захиргааны байгууллага түүнийг бүртгэж, уг бүртгэлд тусгай зөвшөөрлийн дугаар, эзэмшигч болон тусгай зөвшөөрөл барьцаалагчийн нэр, хаягийг тэмдэглэх бөгөөд уг тусгай зөвшөөрлийг барьцаалагчид хадгалуулна.
51.4.Барьцааны гэрээ дуусгавар болсны дараа тусгай зөвшөөрөл барьцаалсныг бүртгэлээс хасуулах тухай өргөдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь баримт бичгийн хамт төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ:
51.4.1.тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч үндсэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлснийг барьцаалагч нотолсон баримт бичиг;
51.4.2.барьцаалагдсан тусгай зөвшөөрөл.
51.5.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 51.4-т заасан баримт бичгийг хүлээн авсны дараа тусгай зөвшөөрлийн барьцааны гэрээ дуусгавар болсныг бүртгэнэ.
51.6.Тухайн тусгай зөвшөөрөл барьцаалагч нь уг тусгай зөвшөөрөлтэй холбоотой үүрэг хүлээхгүй.
51.7.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээргүй, эсхүл энэ хуулийн 22, 28 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох нөхцөл бүрдсэн тохиолдолд төрийн захиргааны байгууллага энэ тухай барьцаалагчид мэдэгдэх бөгөөд барьцаалагч нь мөн хуулийн 7.1-д заасан эрх бүхий этгээдэд тусгай зөвшөөрлийг шилжүүлэх саналыг тэргүүн ээлжинд гаргах эрхтэй.
51.8.Тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 14-өөс доошгүй хоногийн өмнө төрийн захиргааны байгууллага энэ тухай тусгай зөвшөөрөл барьцаалагчид мэдэгдэх бөгөөд барьцаалагч энэ мэдэгдлийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 51.7-д заасны дагуу шилжүүлэх саналыг уг албанд ирүүлнэ.