18 дугаар зүйл. Ургамлыг ашиглах зорилгоор газар эзэмшүүлэх, ашиглуулах

БАЙГАЛИЙН УРГАМЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

18 дугаар зүйл. Ургамлыг ашиглах зорилгоор газар эзэмшүүлэх, ашиглуулах

1.Сум, дүүргийн Засаг дарга ургамлыг нь үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах зорилгоор түүний тархац газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тодорхой хугацаатайгаар Газрын тухай хуульд заасан журмын дагуу гэрээ байгуулан эзэмшүүлж, ашиглуулж болно.

2.Ургамал ашиглах зорилгоор түүний тархац газрыг эзэмшиж, ашиглах тухай гэрээнд Газрын тухай хуулийн З4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаас гадна дараахь зүйлийг тусгана:

/Энэ хэсэгт 2002 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

1/тухайн газарт ашиглах ургамлын нэр, ашиглах хэмжээ;

2/ургамлыг ашиглах нөхцөл, болзол;

3/гэрээ байгуулагч талуудын тухайн ургамлыг ашиглах, хамгаалах, нөхөн сэргээхтэй холбогдсон эрх, үүрэг, хариуцлага.

3.Ургамлыг ашиглах зорилгоор түүний тархац газрыг эзэмшигч, ашиглагч нь тухайн ургамлыг болон түүний ургах орчинг хамгаалах, нөхөн сэргээх үүрэг хүлээхээс гадна Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх, үүрэгтэй байна.

/Энэ хэсэгт 2002 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

4.Ургамлыг нь ашиглахаас өөр зориулалтаар газрыг гэрээний дагуу эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн эзэмшил, ашиглалтын газар дахь ургамлыг зохих журмын дагуу зөвшөөрөл авч үйлдвэрлэлийн зориулалтаар бол төлбөртэйгээр, ахуйн зориулалтаар бол төлбөргүйгээр ашиглана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.