27 дугаар зүйл. Хуульчид хориглох зүйл
27.1.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд дараах үйлдлийг хориглоно:
27.1.1.Хуульчийн мэргэжлийн дүрмийг зөрчих, зөрчихөөр завдах, мэдсээр байж бусдыг тийм үйлдэл хийхэд туслах, хатгах;
27.1.2.хуульчийн үнэнч шударга, итгэл даах байдал болон хуульчийн бусад шаардлагад сөргөөр нөлөөлөх хэрэг, зөрчил үйлдэх;
27.1.3.шүүхэд төлөөлөх үйл ажиллагааг хууран мэхлэх, урвах, хууль бус аргаар явуулах;
27.1.4.Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, хууль ёсны зарчмын эсрэг үйл ажиллагаа явуулах;
27.1.5.төрийн байгууллага, албан тушаалтанд зүй бусаар нөлөөлөх, эсхүл хууль тогтоомж болон Хуульчийн мэргэжлийн дүрмийг зөрчиж хүссэн үр дүндээ хүрч чадах мэт илэрхийлэх;
27.1.6.шүүгч болон шүүхийн ажилтныг шүүхийн хууль тогтоомжийг санаатайгаар зөрчихөд хүргэх, туслах;
27.1.7.мэдүүлэг болон бусад нотлох баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд ашиглах;
27.1.8.үйлчлүүлэгчийнхээ болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд нь өртөж байгаа этгээдийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн болон бусад этгээдийн нэрээр худалдан авах, эсхүл өөр бусад аргаар олж авах, эзэмших.
27.2.Энэ хуульд зааснаас бусад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг хуулиар тогтооно.