29 дугаар зүйл. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчилд хүлээлгэх хариуцлага

ХУУЛЬЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

29 дугаар зүйл. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчилд хүлээлгэх хариуцлага

29.1.Энэ хууль болон Хуульчийн мэргэжлийн дүрмийг зөрчсөн хуульчид Мэргэжлийн хариуцлагын хороо дор дурдсан хариуцлага хүлээлгэнэ:

29.1.1.хаалттай болон нээлтэй сануулах;

29.1.2.шүүхэд төлөөлөх эрхийг хугацаатай, хугацаагүй түдгэлзүүлэх;

29.1.3.хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хугацаатай, хугацаагүй түдгэлзүүлэх;

29.1.4.хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хугацаатай, хугацаагүй хүчингүй болгох.

29.2.Зөрчил гаргасан хуульчид өөрт нь ганцаарчлан сануулахыг хаалттай сануулах, нийтэд зарлаж сануулахыг нээлттэй сануулах гэнэ.

29.3.Мэргэжлийн хариуцлагын хорооноос хуульчийн шүүхэд төлөөлөх эрхийг болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хугацаатай түдгэлзүүлсэн бол уул хугацаа дуусгавар болсноор тухайн эрх болон зөвшөөрөл сэргээгдэнэ.

29.4.Хуульчийн шүүхэд төлөөлөх эрх болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хугацаагүй түдгэлзүүлсэн бол хариуцлага тооцсон өдрөөс хойш зургаан сар тутамд шүүхэд төлөөлөх эрх болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сэргээх асуудлыг Хуульчдын холбооны Ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны дүгнэлтийг үндэслэн Мэргэжлийн хариуцлагын хороо шийдвэрлэнэ.

29.5.Мэргэжлийн хариуцлагын хорооноос хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хугацаатай хүчингүй болгосон бол уг хугацаа дуусгавар болсны дараа тухайн этгээд энэ хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу хуульчийн шалгалтад дахин орж болно.

29.6.Мэргэжлийн хариуцлагын хорооноос хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хугацаагүй хүчингүй болгосон бол хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл дахин олгогдохгүй.

29.7.Мэргэжлийн хариуцлагын хороо ёс зүйн болон нөлөөллийн сургалтад албадан суулгах нэмэгдэл шийтгэлийг ногдуулж болох бөгөөд уг сургалтын зардлыг шийтгэл хүлээгч этгээд өөрөө хариуцна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.