44 дугаар зүйл. Хуульчдын холбоо, түүний гишүүнчлэл
44.1.Хуульчдын холбоо хуульчийн мэргэжлийн нэр хүнд, үйл ажиллагаа, хариуцлагын нэгдсэн стандарт тогтоох, хуульчдын эрх ашгийг хамгаалах, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх болон энэ хуулийн 45 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.
44.2.Хуульч бүр Хуульчдын холбооны гишүүн байна.
44.3.Хуульчид сайн дураараа нэгдэж төрийн бус байгууллага байгуулж болох бөгөөд хуульчдын байгуулсан төрийн бус байгууллага нь энэ хуультай зөрчилдөхгүй бол Хуульчдын холбооны үйл ажиллагаанд хорооны эрх эдэлж, үүрэг хүлээх байдлаар оролцож болно.
44.4.Прокурор өөрсдийн нэр хүнд, хариуцлагыг нэмэгдүүлэх, хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийг дэмжихээс бусад зорилгоор мэргэжлийн болон төрийн бус бусад байгууллагад эвлэлдэн нэгдэхийг хориглоно. /Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
44.5.Хуульчдын холбоо хуульчдын нэгдсэн бүртгэлийг хөтөлнө.
44.6.Энэ хуулийн 44.5-д заасан бүртгэлийн журмыг Хуульчдын холбооны зөвлөл батална.
44.7.Хуульч нь шүүгчээр томилогдсоноор Хуульчдын холбооны гишүүнчлэлээс түдгэлзэж болно. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./