46 дугаар зүйл. Хуульчдын их хурал
46.1.Хуульчдын өөрөө удирдах ёсны эрх барих дээд байгууллага нь Хуульчдын их хурал байна.
46.2.Хуульчдын их хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
46.2.1.Хуульчдын холбооны дүрэм батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах;
46.2.2.Хуульчийн мэргэжлийн дүрэм батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах;
46.2.3.Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх, түүний цалингийн хэмжээг тогтоох;
46.2.4.Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүнийг батламжлах, чөлөөлөх;
46.2.5.Мэргэжлийн хариуцлагын хороо байгуулж, бүрэлдэхүүнийг батламжлах, чөлөөлөх;
46.2.6.Хуульчдын холбооны зөвлөлийн үйл ажиллагааны тайлан сонсох, зөвлөмж өгөх;
46.2.7.Хуульчдын холбооны гишүүний татварын хэмжээг тогтоох;
46.2.8.Хуульчдын холбооны дүрмээр тогтоосон бусад бүрэн эрх.
46.3.Хуульчдын их хурлын ээлжит хуралдаан хоёр жилд нэг удаа хуралдах бөгөөд Хуульчдын их хурал хуралдаан даргалагчаа сонгож, хуралдааны дэгээ тогтооно.
46.4.Хуульчдын их хурал хуульчдын төлөөлөгчдийн олонх оролцсоноор хүчин төгөлдөр болно.
46.5.Хуульчдын их хуралд оролцох хуульчдын төлөөлөгчдийг сонгох журмыг Хуульчдын холбооны дүрмээр тогтооно.
46.6.Хуульчдын их хурлын төлөөлөгчдийн 40 хувь нь өмгөөлөгч, 40 хувь нь шүүгч, прокурор, 20 хувь нь бусад хуульчдын төлөөлөл байна. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
46.7.Хуульчдын их хурлын тов болон хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг хуралдаан эхлэхээс 21 хоногийн өмнө Хуульчдын холбооны Ерөнхийлөгч хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлана.
46.8.Хуульчдын их хурал энэ хуулийн 46.2.1, 46.2.2, 46.2.7-д заасан асуудлыг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн дийлэнх олонхын саналаар, бусад асуудлыг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар тус тус шийдвэрлэж, хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргана.
46.9.Хуульчдын их хурлын төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаар Хуульчдын их хуралд хүрэлцэн ирэх боломжгүй бол саналаа бичгээр, эсхүл цахим хэлбэрээр битүүмжлэн ирүүлж болно. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
46.10.Энэ хуулийн 46.9-д заасны дагуу ирсэн саналыг хэлэлцэх журмыг хуралдааны дэгээр зохицуулна.