63 дугаар зүйл. Мэргэжлийн хариуцлагын хороо, түүний бүрэн эрх

ХУУЛЬЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

63 дугаар зүйл. Мэргэжлийн хариуцлагын хороо, түүний бүрэн эрх

63.1.Мэргэжлийн хариуцлагын хороо нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил, сахилга, ёс зүйн байдалд Хуульчдын холбооны хүсэлтээр дүгнэлт гаргах, хуульч энэ хууль болон Хуульчийн мэргэжлийн дүрмийг зөрчсөн эсэх болон Хуульчийн мэргэжил, ур чадварын түвшинд эргэлзсэн тухай маргаан /цаашид "маргаан" гэх/-ыг гомдлын дагуу хянан шийдвэрлэх, хуульчид энэ хуулийн 29.1-д заасан хариуцлага хүлээлгэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

63.2.Мэргэжлийн хариуцлагын хороо 30 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд гишүүний бүрэн эрхийн хугацаа гурван жил байна. Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүнийг нэг удаа улируулан ажиллуулж болно.

63.3.Мэргэжлийн хариуцлагын хороо нэр хүндтэй хуульчдаас бүрдэх бөгөөд хорооны бүрэлдэхүүнд шүүгчдийн төлөөлөл 18, прокурор, өмгөөлөгчдийн төлөөлөл тус бүр зургаа байна. Мэргэжлийн хариуцлагын хорооны шүүгч гишүүдийн 10 нь анхан шатны шүүхийн шүүгч, зургаа нь давж заалдах шатны шүүхийн шүүгч, хоёр нь хяналтын шатны шүүхийн шүүгч байна.

63.4.Мэргэжлийн хариуцлагын хорооны шүүгч гишүүнд нэр дэвшүүлэх эрх Хуульчдын холбооны прокурор, өмгөөлөгчдийн хороонд, прокурор гишүүнд нэр дэвшүүлэх эрх Хуульчдын холбооны шүүгч, өмгөөлөгчдийн хороонд, өмгөөлөгч гишүүнд нэр дэвшүүлэх эрх Хуульчдын холбооны шүүгч, прокурорын хороонд байна.

63.5.Мэргэжлийн хариуцлагын хорооны бүрэлдэхүүнд захиргааны давж заалдах шатны шүүхийн шүүгч орохыг хориглоно.

63.6.Мэргэжлийн хариуцлагын хороонд хамгийн удаан хугацаагаар ажилласан гишүүн хорооны дарга байх бөгөөд хамгийн удаан хугацаагаар ажилласан хоёр ба түүнээс дээш гишүүн байвал хороо дотроо сонгууль зохион байгуулж тэдгээр гишүүдээс даргаа сонгоно.

63.7.Мэргэжлийн хариуцлагын хорооны дарга энэ хуулийн 63.10-т заасан ажлын албыг удирдана.

63.8.Мэргэжлийн хариуцлагын хороо нь маргааныг таван гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх ба бүрэлдэхүүнд шүүгч гурав, прокурор, өмгөөлөгч тус бүр нэг байна.

63.9.Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хуваарилах болон маргаан хянан шийдвэрлэх бүрэлдэхүүнийг томилохтой холбогдсон журмыг Зөвлөл батална.

63.10.Мэргэжлийн хариуцлагын хороо маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын албатай байх ба ажлын албаны орон тоо, ажиллах журмыг Зөвлөл батална.

63.11.Мэргэжлийн хариуцлагын хороо нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдээс Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4.1.9-д заасан мэдээлэх үүргээ биелүүлж байгаад хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулж ажиллана.

/Энэ хэсгийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.