64 дугаар зүйл. Маргаан үүсгэх, хянан шийдвэрлэх ажиллагаа

ХУУЛЬЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

64 дугаар зүйл. Маргаан үүсгэх, хянан шийдвэрлэх ажиллагаа

64.1.Мэргэжлийн хариуцлагын хороо нь энэ хуулийн 63.1-д заасан маргааныг зохих этгээдийн гомдол, хүсэлтээр үүсгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

64.2.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой иргэний болон эрүүгийн хэргийн шүүн таслах ажиллагаа явагдаж байгаа эсэхээс үл хамааран тухайн хуульчтай холбоотой гомдол, хүсэлт ирсэн бол Мэргэжлийн хариуцлагын хороо маргаан үүсгэх эрхтэй.

64.3.Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх бүрэлдэхүүн маргаантай холбогдуулж мэдээлэл цуглуулах, мэргэжлийн дүгнэлт гаргуулах зорилгоор бие даасан шинжээч томилох эрхтэй.

64.4.Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмыг жишиг болгосон журмаар явагдах бөгөөд уг журмыг Зөвлөл батална.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

64.5.Мэргэжлийн хариуцлагын хороо дараах маргааныг хянан шийдвэрлэнэ:

64.5.1.өмгөөлөгч болон үйлчлүүлэгчийн хооронд үүссэн маргааныг үйлчлүүлэгчийн гомдлоор;

64.5.2.шүүгч, прокурор, нотариатч, өмгөөлөгчийн Хуульчийн мэргэжлийн дүрмийг зөрчсөн тухай болон хуульчийн мэргэжил, ур чадварын түвшинд эргэлзсэнтэй холбоотой үүссэн маргааныг шүүгч, прокурор, өмгөөлөгчийн гомдлоор;

64.5.3.хуульч энэ хуулийг болон Хуульчдын холбооны хууль ёсны шийдвэр, үүрэг даалгаврыг зөрчсөнтэй холбоотой маргааныг Хуульчдын холбооны хүсэлтээр.

64.6.Энэ хуулийн 64.5.2-т заасан шүүгчийн гомдлыг бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, прокурорын гомдлыг аймаг, нийслэл, дүүргийн прокурор болон нотариатчийн гомдлыг Монголын Нотариатчдын танхим, өмгөөлөгчийн гомдлыг Хуульчдын холбооны өмгөөлөгчдийн хороо гаргана.

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

64.7.Энэ хуулийн 64.5.3-т заасан Хуульчдын холбооны хүсэлтийг зохих хороод гаргах бөгөөд хорооноос бусад Хуульчдын холбооны бүтэц гомдол гаргах бол Тамгын газар түүнийг төлөөлнө.

64.8.Прокуророос халагдсан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх болон хүчингүй болгох хүсэлтийг Улсын ерөнхий прокурор Мэргэжлийн хариуцлагын хороонд гаргаж болно.

64.9.Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг Хуульчдын холбоо хариуцна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.