11 дугаар зүйл. Агаарын чанарын хяналт-шинжилгээ
11.1.Төрийн захиргааны төв байгууллага нь агаарын чанар, агаарт үзүүлэх физикийн сөрөг нөлөөлөл, хүчиллэг тунадас, давхраат мандлын озон, хүлэмжийн хийн агууламжийн өөрчлөлтөд байнгын ажиглалт, хэмжилт, судалгаа, шинжилгээ хийж үнэлгээ өгөх, мэдээллээр хангах зорилго бүхий хяналт-шинжилгээний улсын нэгдсэн сүлжээг зохион байгуулж ажиллуулна.
11.2.Хяналт-шинжилгээний улсын нэгдсэн сүлжээ нь дараах хэсгээс бүрдэнэ:
11.2.1.олон улсын хяналт-шинжилгээний сүлжээний Монгол Улс дахь нэгж;
11.2.2.улсын хяналт-шинжилгээний сүлжээ;
11.2.3.орон нутгийн хяналт-шинжилгээний нэгж;
11.2.4.агаарт бохирдуулах бодис гаргадаг, физикийн сөрөг нөлөөлөл үзүүлдэг аж ахуйн нэгж, байгууллагын дотоод хяналтын цэг.
11.3.Энэ хуулийн 11.2.1, 11.2.2-т заасан сүлжээ, нэгжийг хот, тосгон, бусад суурин газрын хэмжээ, хүн амын нягтрал, газар нутгийн тогтоц, үйлдвэржилтийн түвшин зэргийг харгалзан төрийн захиргааны төв байгууллага тогтоож, тэдгээрийг байгуулж тоноглох болон ажиллуулах үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.