13 дугаар зүйл. Агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаа, үндсэн зарчим
13.1.Агаарын бохирдлыг бууруулахад дараах үйл ажиллагааг тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлнэ:
13.1.1.эрчим хүчний эх үүсвэр, гэр хорооллын цахилгаан дамжуулах болон түгээх сүлжээг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх;
13.1.2.гэр хороололд агаарын чанарыг сайжруулах бүс тогтоож, эрчим хүчний үнийг урамшууллын хэлбэрээр зохицуулах;
13.1.3.гэр хорооллын өрхөд шаардлагатай эрчим хүчний болон бусад хөнгөлөлт, үйлчилгээг хүргэх ажлыг нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх;
13.1.4.агаарын бохирдлыг бууруулахад дэвшилтэт техник, технологи нэвтрүүлсэн, шинэ санаачилга гаргасан өрх, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх;
13.1.5.гэр хорооллын өрхийн газрыг барьцаалах, эдийн засгийн эргэлтэд оруулах замаар уул уурхайн баялгаас бий болох хөрөнгөөс урт хугацаатай, бага хүүтэй зээлийг олгож үл хөдлөх эд хөрөнгө, барилга, орон сууц барих бололцоо, нөхцөл бүрдүүлэх;
13.1.6.орон нутагт хөрөнгө оруулалт, ажлын байр нэмэгдүүлэх, бүсийн нэмэгдлийг бий болгож өрх, аж ахуйн нэгж, байгууллагыг нийслэлээс орон нутагт шилжих таатай нөхцөл бүрдүүлэх;
13.1.7.бүсчилсэн хөгжлийн тулгуур төв болон нийслэлийн алслагдсан дүүргийг хөгжүүлэх бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж, нийслэлийн хүн амын төвлөрлийг сааруулах.
13.2.Агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаанд дараах үндсэн зарчим баримтална:
13.2.1.түүхий нүүрсийг ахуйн зориулалтаар хэрэглэхээс татгалзаж, цахилгаан, газрын гүний дулаан, хагас коксон болон хийн түлшийг ашиглах;
13.2.2.хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд хуульд заасан хариуцлага хүлээлгэх; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
13.2.3.агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн нэгдмэл үйл ажиллагаагаар хэрэгжүүлэх.