15 дугаар зүйл. Агаарын чанарыг сайжруулах бүс

АГААРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Агаарын чанарыг сайжруулах бүс

15.1.Төрийн захиргааны төв байгууллага нь нутгийн захиргааны байгууллагатай хамтран агаарын бохирдлыг бууруулах зорилгоор агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоож, тухайн бүсэд мөрдөх журмыг батална.

15.2.Энэ хуулийн 15.1-д заасны дагуу тогтоосон агаарын чанарыг сайжруулах бүсийн талаар нийтэд мэдээлнэ.

15.3.Аймаг, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг жил бүр шинэчлэн тогтооно. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.4.Агаарын чанарыг сайжруулах бүсийн хилийн зааг, байршлыг харуулсан 1:25000-аас доошгүй масштаб бүхий газрын зургийг тухайн нутгийн захиргааны байгууллага үйлдэж, нийтэд нээлттэй байлгана.

15.5.Агаарын чанарыг сайжруулах бүсэд хамаарах газар нутгийн хэмжээнд аливаа бохирдуулах бодисын хамгийн их агууламж нь агаарын чанарын стандартаас хэтрэхгүй байвал зохино.

15.6.Аймаг, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд авч хэрэгжүүлэх арга хэмжээг тухайн бүсэд мөрдөх журам, энэ хуульд заасны дагуу зохицуулна. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.7.Аймаг, нийслэлийн Засаг дарга агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах, хэрэгжилтийг тайлагнах үүрэг бүхий албыг байгуулж ажиллуулна.

/Энэ хэсгийг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.