28 дугаар зүйл. Ахуйн зориулалтаар агнуурын амьтан агнах, барих
28.1.Энэ хуулийн 21.1-д заасан иргэн зохих төлбөр төлж, сумын Засаг даргаас авсан эрхийн бичгийн дагуу агнуурын ховор амьтнаас бусад амьтныг өөрийн ахуйн зориулалтаар агнаж, барьж болно.
28.2.Ахуйн зориулалтаар агнуурын амьтан агнах, барих эрхийн бичигт иргэний овог, эцгийн нэр, нэр, агнах, барих агнуурын амьтны зүйл, тоо, агнах, барих хугацаа, газар, төлбөр, хураамжийн хэмжээг нарийвчлан заана.
28.3.Ахуйн зориулалтаар агнуурын амьтныг агнах, барих нэг удаагийн эрхийн бичгийг Монгол Улсын иргэнд дор дурдсан хугацаагаар олгоно:
28.3.1.шувуу, тарвага агнаж, загас барихад гурав хүртэл хоног;
28.3.2.энэ хуулийн 28.3.1-д зааснаас бусад агнуурын амьтан агнах, барихад тав хүртэл хоног.
28.4.Энэ хуулийн 28.3-т заасан иргэнд нэг удаагийн эрхийн бичгээр агнах, барихыг зөвшөөрөх агнуурын амьтны тоо хэмжээ нь туурайтан амьтан нэг, тарвага тав, бусад үслэг ан нэг, хөтүү, ятуу, ногтруу шувуу тус бүр арав, ой, хээр, ус, намгийн бусад агнуурын шувуу тав, бусад агнуурын загас арван ширхгээс илүүгүй байна.
28.5.Монгол Улсад түр буюу байнга оршин суугаа гадаадын иргэн Монгол Улсын иргэний адил хэмжээний төлбөр төлж, ахуйн зориулалтаар зөвхөн загас барьж болно.