26 дугаар зүйл. Эвлэрлийн гэрээ
26.1.Талуудын тохиролцооны агуулгыг талууд өөрсдөө, эсхүл тэдний хүсэлтээр эвлэрүүлэн зуучлагч нэгтгэн тусгасан эвлэрлийн гэрээний төслийг боловсруулна.
26.2.Эвлэрлийн гэрээг монгол хэл, эсхүл талуудын тохиролцсон хэлээр боловсруулна. Монгол хэлнээс өөр хэлээр боловсруулсан гэрээний албан ёсны орчуулгыг уг гэрээний салшгүй хэсэг болгон хавсаргана.
26.3.Эвлэрлийн гэрээнд он, сар, өдөр, тухайн эвлэрүүлэн зуучлагчийн овог, нэр, маргалдагч талуудын овог, нэр, хаяг, эвлэрүүлэн зуучлал эхэлсэн он, сар, өдөр, маргааны агуулга, түүний талаарх талуудын байр суурь, тохиролцсон зүйлс болон бусад асуудлыг ойлгомжтой, тодорхой тусгаж, талууд болон зуучлагч гарын үсэг зурж баталгаажуулна.
26.4.Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үр дүнд хийгдсэн эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
26.5.Эвлэрлийн гэрээгээр талууд болон зохигчид эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эвлэрэх, шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, шаардлага болон нэхэмжлэлээсээ татгалзаж болно.