5 дугаар зүйл. Төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүрэг
5.1.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх, талаар дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
5.1.1.хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэхтэй холбогдсон бодлого боловсруулах, энэ асуудлаар гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
5.1.2.хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолтой холбогдсон албан ёсны мэдээ, мэдээллийн асуудлыг хариуцах;
5.1.3.энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан хүнд болон түүний эхнэр, нөхөр, гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч хамтын амьдралтай байгаа хүн, эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчид зөвлөгөө өгөх, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх журам батлан мөрдүүлэх;
5.1.4.хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагад мэргэжил, арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах;
5.1.5.хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан хүний хөдөлмөр эрхлэлт болон хөдөлмөрийн чадвар алдалтыг зохицуулсан журам батлах;
5.1.6.хүний дархлал хомсдолын вирусын халдвар илрүүлэх шинжилгээ хийх, энэ хуулийн 10.1.3-т заасан шинжилгээнд хамрагдах талаар зөвлөгөө өгөх журам батлах.
5.2.Энэ хуулийн 5.1-д зааснаас бусад төрийн захиргааны төв байгууллага хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх талаар дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
5.2.1.хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг салбарынхаа хэмжээнд зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих;
5.2.2.хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх сургалт, сурталчилгааны ажлыг холбогдох төрийн байгууллагатай хамтран зохион байгуулах, энэ ажилд салбарынхаа хэмжээнд аж ахуйн нэгж, байгууллагыг татан оролцуулах;
5.2.3.энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан хүний эрхийг хангах эдийн засаг, санхүү, эрх зүйн болон хуулиар зохицуулагдаагүй нийгмийн бусад баталгааг бүрдүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авах.