8 дугаар зүйл. Эмнэлгийн мэргэжилтний эрх, үүрэг
8.1.Эмнэлгийн мэргэжилтэн хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх талаар дараах эрхтэй:
8.1.1.хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой нь тогтоогдсон, түүнчлэн хүний дархлал хомсдолын вирусын халдварын сэжигтэй хүний донорын цус, цусан бүтээгдэхүүн, эс, эд эрхтэн, эхийн сүүг эмчилгээний, эсхүл асаргаа сувилгаа хийх зорилгоор бусад хүнд хэрэглэсэн бол тархвар судлалын мэдээллийг холбогдох байгууллага, ажилтан, иргэнээс авах;
/Энэ заалтад 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
8.1.2.ажлын байрандаа халдвар авсан, халдвар авах эрсдэлд өртсөн бол өртөлтийн дараах сэргийлэлтийн арга хэмжээнд хамрагдах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах.
8.2.Энэ хуулийн 8.1.2 дахь заалт эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа бусад ажилтанд хамаарна.
8.3.Эмнэлгийн мэргэжилтэн хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх талаар дараах үүрэгтэй:
8.3.1.хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолыг илрүүлсэн, оношилсон талаар харьяалах эрүүл мэндийн байгууллагад зохих журмын дагуу мэдээлэх;
8.3.2.хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолыг илрүүлэх шинжилгээ өгөх талаар үйлчлүүлэгчид санал тавих;
8.3.3.холбогдох этгээдэд энэ хуулийн 5.1.3-т заасан зөвлөгөө өгөх;
8.3.4.хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой нь тогтоогдсон хүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээс татгалзахгүй байх;
8.3.5.хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой нь тогтоогдсон хүний талаарх мэдээллийг энэ хуулийн 11.3-т заасны дагуу задруулахгүй байх.