13 дугаар зүйл. Хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах, хариуцлага хүлээлгэх үндэслэл

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

13 дугаар зүйл. Хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах, хариуцлага хүлээлгэх үндэслэл

13.1.Авлигатай тэмцэх газар энэ хуулийн 11.1.2-т зааснаас бусад албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтэд хяналт тавьж, дүн шинжилгээ хийнэ.

13.2.Улсын Их Хурлын гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн Авлигатай тэмцэх газар, энэ хуулийн 11.1.2-т заасан хөрөнгө, орлогын мэдүүлгийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо тус тус өргөдөл, гомдолд үндэслэн шалгах бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зөрчил илэрвэл зохих байгууллагад шилжүүлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

13.3.Хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх эрх бүхий албан тушаалтан мэдүүлэг засваргүй, бүрэн гүйцэд бөглөгдсөн, хугацаандаа өгсөн эсэхэд хяналт тавьж, мэдүүлгийг зохих журмын дагуу гаргаж өгөхийг шаардах, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл байвал бүрэн эрхийнхээ хүрээнд хянан шалгах буюу Авлигатай тэмцэх газарт шилжүүлэн шалгуулах үүрэгтэй.

13.4.Монгол Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүний албан тушаалыг хавсарч байгаа бол тухайн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар шалгана.

/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

13.5.Авлигатай тэмцэх газар өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр, эсхүл төлөвлөгөөт хяналтаар шалгалт явуулж болно.

13.6.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд хөрөнгө, орлогын мэдүүлгээ хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл эх үүсвэрийг нь заагаагүй буюу түүнийг хэрхэн олсон талаар тайлбар гаргаагүй бол Авлигатай тэмцэх газар тухайн мэдүүлэг гаргагчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгана.

13.7.Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын эх үүсвэрээ бодитой, үнэн зөв тайлбарлах үүрэгтэй.

13.8.Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ хугацаа хожимдуулж гаргасан, эсхүл бүртгүүлээгүй буюу худал мэдүүлсэн бол дараах хариуцлага хүлээлгэнэ:

13.8.1.нэг сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн, хөрөнгө, орлогын мэдүүлгийг энэ хуулийн 10.4, 10.5-д заасан хугацаанаас хожимдуулсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол сануулах;

/Энэ заалтад 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

13.8.2.зургаа хүртэл сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн, хөрөнгө, орлогын мэдүүлгээ удаа дараа хугацаа хожимдуулж гаргасан бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах;

/Энэ заалтад 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

13.8.3.зургаан сараас дээш нэг жил хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн бол албан тушаал бууруулах, эсхүл албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах;

/Энэ заалтад 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

13.8.4.нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй, худал мэдүүлсэн, эсхүл хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан бол албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас халах.

13.9.Хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хяналт тавих үүргээ биелүүлээгүй, эсхүл холбогдох материалыг энэ хуулийн 10.3-т заасан хугацаанд ирүүлээгүй албан тушаалтныг эрх бүхий байгууллага, албан тушаалтан албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах, уг зөрчлийг удаа дараа гаргасан бол албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулна.

/Энэ зүйлийг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.