26 дугаар зүйл. Байгаль орчны хяналт

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

26 дугаар зүйл. Байгаль орчны хяналт

1.Байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхэд тавих хяналтыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар өөрчлөлт орсон/

2.Хил, гааль, мал эмнэлэг, эрүүл ахуй, халдвар судлал, уул уурхайн зэрэг хяналтын байцаагч буюу хуульд зааснаар энэхүү хяналтыг хэрэгжүүлэх үүрэг бүхий ажилтанд байгаль орчны улсын байцаагчийн эрх олгож, хяналтын үүрэг гүйцэтгүүлж болно.

/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар өөрчлөлт орсон/

3.Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх төв байгууллагад улсын ерөнхий байцаагч, салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, аймаг нийслэлд улсын ахлах байцаагч, улсын байцаагч, сум дүүрэгт улсын ахлах байцаагч, улсын байцаагч /цаашид "улсын байцаагч" гэх/ болон байгаль хамгаалагч тус тус ажиллана. /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4.Улсын байцаагчийг дараахь байдлаар томилж, чөлөөлнө:

1/улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.4-т заасны дагуу олгоно.

/Энэ заалтыг 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ заалтад 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2//Энэ заалтыг 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон/

3//Энэ заалтыг 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон/

4/байгаль хамгаалагчийг энэ хуулийн 26 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан нормативын дагуу сум, дүүргийн Засаг даргын саналыг харгалзан аймаг, нийслэлийн байгаль орчны албаны дарга. /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ заалтад 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

5.Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар байгаль орчны чиглэлийн мэргэжилтэй, эсхүл энэ чиглэлээр мэргэшиж дадлагажсан дээд боловсролын зэрэгтэй иргэнийг томилно.

/Энэ хэсгийг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсэгт 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас байгаль орчны чиглэлээр сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий сургуулийн мэргэжлийн сургалтанд хамрагдаж төгссөн иргэнийг байгаль хамгаалагчаар ажиллуулна.

/Энэ хэсгийг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

7.Нэг байгаль хамгаалагчийн хариуцан ажиллах талбайн хэмжээ нь өндөр уулын бүсэд 100.0, ойт хээрийн бүсэд 120.0 , тал хээрийн бүсэд 500.0, цөлөрхөг хээрийн бүсэд 600.0, цөлийн бүсэд 800.0 мянга хүртэл га, улсын төсвийн хөрөнгөөр зориудаар тарьж ургуулсан ойн зурваст 30 км тутамд нэг байгаль хамгаалагч байх ба энэ нормативийг хот орчмын ногоон бүсэд 70 хувиар багасгаж тооцно. Тухайн бүсчлэлд хамрагдах сумдын нэрийн жагсаалт, дархан цаазат болон байгалийн цогцолборт газарт нэг байгаль хамгаалагчийн хариуцах талбайн хэмжээг тухайн тусгай хамгаалалттай газрын ангилал, хамгаалах дэглэм, онцлог, ачаалал зэргийг харгалзан Засгийн газар тогтооно.

/Энэ хэсгийг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

8.Тухайн орон нутагт байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхэд тавих хяналтыг хэрэгжүүлэхэд туслах үүрэг бүхий идэвхтэн байгаль хамгаалагчийг томилон ажиллуулж болно.

/Энэ хэсгийг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.