27 дугаар зүйл. Улсын байцаагчийн эрх, үүрэг
1.Улсын байцаагч дараахь эрхтэй байна:
1/иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж байгаад харьяалал харгалзахгүйгээр хянан шалгах;
2/хяналтад шаардагдах мэдээ, баримтыг холбогдох иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаар гаргуулах;
3/ хууль тогтоомж, стандарт, зөвшөөрөгдөх дээд хэмжээг зөрчиж байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад уг зөрчлийг арилгахыг шаардах, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу үйл ажиллагааг нь түр зогсоох;
/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4/хяналт, шалгалт хийхээр аж ахуйн нэгж, байгууллагад нэвтрэн орох, сорьц, дээж авах, тэдгээрийг өөрийн хяналтын дор шинжлүүлэх;
5/байгалийн гамшиг, гэнэтийн аюулын үед шаардлагатай бол нийтийн тээврийн хэрэгслээр дараалал харгалзахгүйгээр зорчих, бусад тээврийн хэрэгслийг дайчилж хөлсийг нь төлөх;
6/байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах явцдаа тухайн иргэний болон тээврийн хэрэгслийн баримт бичгийг шалгах, зөрчил илэрсэн тохиолдолд баримт бичиг, хууль бусаар агнасан, түүсэн, бэлтгэсэн, олборлосон байгалийн баялаг, ашигласан техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг хураах;
/Энэ заалтыг 2002 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн/
7/Зөрчлийн тухай хууль зөрчсөн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах;
/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
8/байгаль хамгаалагчийн ажлыг шалгах, заавар өгөх.
/Энэ заалтыг 2002 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтад 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
9//Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарынн 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
10/хууль тогтоомж, технологийн зөрчил гаргаж байгаль орчинд хохирол учруулсан аж ахуйн нэгж, байгууллагын зөвшөөрлийг хүчингүй болгуулах, үйл ажиллагааг түр болон бүрмөсөн зогсоох саналаа тухайн эрх олгосон байгууллагад тавьж шийдвэрлүүлэх; /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтыг 2002 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтад 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
11/байгаль орчны тухай хууль тогтоомжийг зөрчсөн шийдвэр гаргасан байгууллага, албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгохыг шаардах, эсхүл дээд шатны байгууллагад гомдол гаргаж, шийдвэрлүүлэх.
/Энэ заалтыг 2002 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн/
2.Улсын байцаагч дараахь үүрэгтэй байна:
1/байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлэхдээ хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг чанд сахин биелүүлэх;
2/ байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн зөрчлийн шинж байдал /зөрчил гаргагчийн нэр, хаяг, үйлдлийн шинж байдал, учруулсан хохирол, хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл/-ын тухай тэмдэглэл хөтлөн зөрчил гаргагчийн гарын үсэг зуруулах буюу зурахаас татгалзсан бол энэ тухай тайлбар тэмдэглэл хийх;
/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарынн 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
3/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад захиргааны шийтгэл ногдуулах, тэдгээрийн хууль бус үйл ажиллагааг түдгэлзүүлэн зогсоохдоо түүний үндэслэл, шалтгааныг хууль тогтоомжийн зүйл, заалтын дагуу тодорхойлж, баталсан загвараар үйлдсэн акт буюу торгуулийн хуудаст тэмдэглэх;
/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарынн 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
4/илрүүлсэн зөрчлийг таслан зогсоох, арилгах арга хэмжээ авахдаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, үйлдвэрлэлийн нууцыг хадгалах;
5/ зөрчил гаргагчаас хуульд заасан үндэслэлээр хураан авсан зүйл, зэвсэг, хэрэгсэл, түр хураасан бичиг баримтын бүртгэлийг үйлдэж эзэнд нь үлдээж, зэвсэг, хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж эрх бүхий байгууллагад хугацаанд нь шилжүүлэх.
/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарынн 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
6/байгаль орчныг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, хяналт тавих үйл ажиллагаанд орон нутгийн иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний идэвх санаачлагыг өрнүүлэх, зөвлөн туслах, зохион байгуулах, хамтарч ажиллах.
/Энэ заалтыг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/