29 дугаар зүйл. Улсын байцаагч, байгаль хамгаалагч галт зэвсэг, бие хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэх
1.Улсын байцаагч, байгаль хамгаалагч хээрийн нөхцөлд хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах үедээ галт зэвсэг, бие хамгаалах тусгай хэрэгсэл биедээ авч явах эрхтэй.
2.Улсын байцаагч, байгаль хамгаалагч хээрийн нөхцөлд хяналт, шалгалт хийх үедээ илэрсэн зөрчил, гадны халдлагыг өөр арга хэрэгслээр таслан зогсоох боломжгүй бол дараахь тохиолдолд галт зэвсэг хэрэглэж болно:
1/байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөн этгээд хууль ёсны шаардлагыг нь илт эсэргүүцэн зэвсэг хэрэглэх буюу өөр аргаар хүч хэрэглэн амь насанд нь халдсан;
2/зэрлэг амьтан довтолж амь насанд аюул учруулахад хүрсэн.
3.Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөн этгээд улсын байцаагч, байгаль хамгаалагчийн хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцвэл резинэн болон цахилгаан бороохой, нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буу, резинэн буюу хуванцар сумтай буу зэрэг нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэж болно.
4.Галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх зааврыг төрийн захиргааны төв байгууллагын саналыг харгалзан Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн цагдаагийн төрийн захиргааны төв байгууллага батална.